Галина Сергеевна: Монгол хүүхдүүд тайван, нухацтай, гэгээлэг, орос хүүхдүүд эрч хүчтэй, урагш тэмүүлдэг зан чанартай

Дөчин жил гэдэг хүний амьдралын бүтэн нэг үе. Зарим дурсамж цаг хугацааны урсгалд бүдгэрдэг, зарим нь харин улам тодорч үнэ цэнээ нэмж байдаг. Москвагийн нэгэн багшийн хувьд монгол оронд өнгөрүүлсэн он жилүүд нь яг л тийм үнэ цэнтэй ажээ. Тэрбээр 40 жилийн өмнө Монголд ирж олон арван шавь нарт эрдмийн үр цацсан бөгөөд өнөөдөр шавь нар нь хариу талархал илэрхийлж эх орондоо урьж авчирсан байна. Цаг хугацаа хувьсан одсон ч багшийн өгсөн эрдмийн хур, халуун сэтгэл мартагддаггүйг энэ уулзалт илэрхийлэх авай. Ийнхүү өнгөрсөн ба одоо цагийн уулзвар дээр ОХУ-ын Элчин сайдын яамны дэргэдэх 14 дүгээр сургуулийн багш асан Галина Сергеевнагаас Монголд ажиллаж байсан үеийнх нь тухай тодотгон ярилцсан юм.
-Монголд ажиллаж, амьдарсан он жилүүд таны амьдралд ямар нөлөө үзүүлсэн гэж боддог вэ?
-Би 1983 онд нөхрөө дагаж Монгол Улсад ирсэн. Манай нөхөр барилгын инженер мэргэжилтэй бөгөөд тухайн үед Монголд ажиллахаар томилогдсон юм. Ингээд би тухайн үеийн Зөвлөлтийн 14 дүгээр сургуульд багшаар ажиллаж эхэлсэн. Залуу багшийн хувьд ажлын гараагаа Монголд эхлүүлсэн нь миний амьдралын хамгийн сайхан дурсамжийн нэг болсон. 1995 онд буцаж явах үед миний шавь нар 9 дүгээр ангиа төгсөж байсан үе таарсан.
Одоо 40 жилийн дараа Монголд дахин ирэхэд сэтгэгдэл үнэхээр сайхан байна. Маш их догдолж, сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй байна. Энэ удаад Монголд ирэх болсон шалтгаан гэвэл шавь нар маань “40 жилийн ойгоо тэмдэглэе” гэж санаачилсан юм. Тэд 1 дүгээр сард над руу холбогдоод, “Багш аа, та 40 жилийн ойгоор хүрээд ирвэл ямар вэ, бид таныг урьж байна” гэж хэлсэн. Багш хүний хувьд эхэндээ ихэд сандарсан ч зориг гаргаад ирсэндээ маш их баяртай байна. Шавь нартайгаа уулзаж, сургуульдаа дахин хөл тавина гэдэг багш хүний хувьд юутай ч зүйрлэшгүй аз жаргал юм.
-Монголд анх 1983 онд ирж байсан үеийн Улаанбаатар өнөөдөр юу нь хамгийн их өөрчлөгдсөн санагдаж байна вэ?
-Монгол Улс үнэхээр их өөрчлөгджээ. 40 жилийн өмнө анх ирэхэд Улаанбаатар хот харьцангуй цөөн барилгатай, уудам тал шиг санагддаг байлаа. Гэхдээ маш цэвэрхэн хот байсан. Харин одоо орчин үеийн техник, технологи хөгжиж, өндөр барилга байгууламж сүндэрлэсэн, бүх зүйл асар их өөрчлөгдсөн байна.
-Таны ажиллаж байсан үеийн сургуулийн орчин, багш сурагчдын харилцааны талаар дурсвал?
-Манай сургуулийг тухайн үед Зөвлөлтийн 14 дүгээр сургууль гэж нэрлэдэг байсан. Сургуульд Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн хүүхдүүдээс гадна монголын сэхээтэн гэр бүл, Элчин сайдын яамдын ажилтнуудын хүүхдүүд суралцдаг байлаа. Манай захирал Шербаков Юрий Иванович гэдэг маш нэр хүндтэй эрдэмтэн, доктор, профессор хүн байсан. Тэр хүн захирал гэхээсээ илүү багш, зөвлөгч байв. Биднийг загнаж зандардаггүй, харин өөрөө үлгэрлэн зааж сургадаг байсан.
Харин хүүхдүүд маш дуулгавартай, хүмүүжилтэй байсан. 9 дүгээр ангид дөрвөн бүлэг, 10 дугаар ангид гурван бүлэгтэй, маш олон хүүхэдтэй сургууль байсан. Нэг төгсөлтөөр л 100 гаруй хүүхэд төгсдөг байлаа. Сургуульд орос хүүхдүүдтэй хамт монгол хүүхдүүд сурдаг байсан ч монгол хүүхэд харьцангуй цөөн байв.
Нэг ангид ойролцоогоор 32 хүүхэдтэйгээс 5-6 нь монгол хүүхэд байв. Бид хичээлээс гадуурх цагаа ч маш сайхан өнгөрөөдөг байлаа. Сургуулийн хамт олон их эвсэг, найрсаг уур амьсгалтай байсан нь одоо ч сэтгэлд тод байна.
Энэ бүхэн нь биднийг хүүхдүүдтэйгээ улам ойр дотно болж, бие биенээ илүү сайн таньж мэдэхэд маш их нөлөөлсөн. Бид хичээлээс гадна зугаалга, спортын тэмцээн, урлагийн үзлэг зэрэг олон үйл ажиллагааг хамтдаа зохион байгуулдаг байв. Эдгээр нь хүүхдүүдийн авьяас чадварыг нээж, өөрсдийгөө илэрхийлэх боломж олгодог байсан.
-40 жилийн дараа анх уулзсан шавь нар олон байв уу, ер нь шавь нартайгаа аль хэр холбоо харилцаатай байсан бэ?
-40 жилийн дараа шавь нараа харахад миний сэтгэл үнэхээр хөдөлж байна. Яагаад гэвэл, тэд бүгд амьдралдаа амжилт гаргаж, сайхан ээж аав болж, өөр өөрийн замналаар бахархмаар хүмүүс болсон байна. Миний хувьд Монголд амьдарч, ажиллаж байсан тэр он жилүүд амьдралын минь хамгийн сайхан үе гэж боддог.
Орос хүүхдүүдтэйгээ бид Москва хотод байнга уулздаг, монгол шавь нартайгаа ч холбоотой байдаг. Монгол хүүхдүүд Москвад очихдоо багш нартайгаа болон ангийнхантайгаа уулздаг уламжлалтай. Энд ирээд уулзаагүй байсан 2-3 шавьтайгаа дахин уулзаж байгаадаа баяртай байна. Харин бусадтай нь олон жилийн турш мессенжер, телеграм зэрэг цахим хэрэгслээр байнга холбоотой байж, бие биетэйгээ харилцдаг байсан учраас сурагчдынхаа амьдралыг мэдэж байсан.
Одоо ингээд бодоход надад хэлэх үг үнэхээр олдохгүй байна. Би цаашдаа дахин Монголдоо ирнэ гэж бодож байгаа. Нас, бие эрүүл байвал шавь нар, хүүхдүүдтэйгээ дахин уулзахыг хүсэж байна. Шавь нартаа амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе. Би Монгол Улсаа үргэлж санан дурсаж явдаг.

40 жилийн дараа сургууль дээрээ
-Тухайн үед сурч байсан монгол болон орос хүүхдүүдийн сурах арга барил, зан чанарт ялгаа байв уу, энэ нь тэдний нөхөрлөлд хэрхэн нөлөөлдөг байв?
-Монгол хүүхдүүдийн тухай ярихад, манай монгол хүүхдүүд орос хүүхдүүдээс зан чанарын хувьд их ялгаатай. Тэд дөлгөөн, даруухан, нухацтай хүүхдүүд байлаа. Аливаа зүйлд тайван, бодлоготой ханддаг байсан. Харин орос хүүхдүүд илүү хөдөлгөөнтэй, сэргэлэн, аливаад түрүүлж оролцох дуртай байв. Гэхдээ зан чанарынх нь өвөрмөц онцлог хүүхдүүдийн дунд хэзээ ч үл ойлголцол, сөргөлдөөн гаргаж байгаагүй.
Тэр үеийн хүүхдүүд Монгол, Оросын найрамдлыг үнэхээр сайхан илэрхийлдэг байсан. Тэд бие биеэ ойлгож, хүндэлж чаддаг байлаа. Монгол хүүхдүүд хэл, уран зохиол, бичиг үсгийн хичээлдээ илүү сайн байсан бол орос хүүхдүүд техник, тооцооллын талдаа илүү сонирхолтой байв. Харин одоо эргээд бодоход тэд бие биеэ маш сайхан нөхдөг байсан юм байна гэж бодогддог.
Орос хүүхдүүд эрч хүчтэй, шууд урагш тэмүүлдэг байхад монгол хүүхдүүд тайван, нухацтай байдлаараа харилцааг тэнцвэржүүлдэг байсан. Ингэж л тэд бие биеэ нөхөж, сайхан нөхөрлөж өссөн. Монгол шавь нар маань бүгд их гэгээлэг, сайхан сэтгэлтэй хүүхдүүд байсан. Ялангуяа тэдний даруу төлөв, хүндэтгэлтэй зан чанар миний сэтгэлд үргэлж дурсагддаг. Одоо 40 жилийн дараа дахин уулзахад ч тэр сайхан зан чанар нь хэвээрээ байгааг хараад их баярлаж байна. Бүгд өөрчлөгдөөгүй даруухан, эелдэг сайхан хэвээрээ байна.
-Та ямар хичээлийн багш байв, ер нь хэдэн жил багшилсан бэ?
-Би геометр, алгебрын багш байсан. Энэ бол яг шинжлэх ухааны хичээлүүд шүү дээ. Тийм болохоор багш, сурагчдын хооронд тодорхой хэмжээний зай, хатуу дэг журам байдаг байлаа. Хэлний багш нартай хүүхдүүд илүү дотно, найз шиг харилцаж болдог. Харин математикийн багш нарын хувьд арай өөр харилцаа үүсдэг байсан.
Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам бид бие биеэ сайн ойлгож, улам ойртсон. Тэгээд сүүлдээ хүүхдүүд намайг хамгийн хайртай багш нарынхаа нэг гэж ярьдаг болсон. Хамгийн хатуу багш хамгийн хайртай багш болж үлддэг юм байна гэдгийг тэр үед ойлгосон доо.
Энэ хугацаанд Монголд гурван жил ажилласан. Тэгээд дараа нь Москва руу буцсан. Гэхдээ би өөрөө явъя гэж шийдээгүй. Тухайн үеийн амьдралын нөхцөл байдал, хувь тавилангийн нэгэн мөчтэй холбоотойгоор буцах хэрэг гарсан гэж хэлж болно. Тэгээд Москвад 15 жил сургуульд багшилж, өөрийн мэргэжлээрээ тасралтгүй ажилласан. Харин дараа нь эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа гарсан.
Гэсэн ч би өөрийгөө маш азтай хүн гэж боддог. Яагаад гэвэл, маш олон багшаас намайг онцолж, урьж Монголд авчирсан нь миний хувьд үнэхээр том хувь заяа, аз гэж бодож байна. Би хэчнээн хатуу багш байсан ч гэсэн шавь нар намайг дотроо хайрлаж, хүндэлж явсныг 40 жилийн дараа үнэхээр ойлголоо.
-Сургуулийнхаа төгсөлтийн баярт хүндэт зочноор оролцсон гэсэн. Өнөө жил сургуулиа төгсөх хүүхдүүдэд та юу гэж захисан бэ?
-Бид сургууль дээрээ очиж Хонхны баярт оролцлоо. 9 болон 11 дүгээр ангиа төгсөж байгаа хүүхдүүдэд чин сэтгэлээсээ баяр хүргэж, сайн сайхны ерөөл өргөсөн. Учир нь тэр хүүхдүүд бол Монголын ирээдүй. Цаашдаа эх орноо хөгжүүлж, Монгол Улсаа авч явах шинэ үеийн хүмүүс шүү дээ. Бид хүүхдүүддээ “Одоо та нар шинэ амьдрал руу орж байна. Алдаа онооноос бүү айгаарай” гэж захисан. Яагаад гэвэл алдаа гэдэг амжилтад хүрэх замын нэг хэсэг байдаг. Хэрэв хүн алдаанаасаа айгаад байвал урагшилж, хөгжиж чаддаггүй.
Мөн амьдралд олон хаалга байдаг, тэр олон боломж дундаас зөв хаалгаа сонгож чадвал амьдрал нь гэрэлтэй, сайхан болно гэж хэлсэн. Монгол Улсдаа хэрэгтэй, зөв хүн болоорой, бас ирээдүйд сайн ээж аав болоорой гэж захисан.
Бид анх удаа 40 жилийн ойгоо хийж байгаа. Орос сургуулиудын дундаас манай анги хамгийн анх ийм уулзалт зохион байгуулж, сургууль дээрээ эргэн ирж байгаа нь энэ юм байна. Энэ нь бас нэгэн сайхан жишээ болж байгаа байх гэж бодож байна.
Одоогийн хүүхдүүд ч гэсэн “40 жилийн дараа бид ч бас ийм сайхан уулзалт хийх болов уу” гэж бодсон байх. Ер нь хүн хаана ч явсан эцэстээ өөрийн үүр, өөрийн дурсамж руугаа эргэж ирдэг юм байна. Бид ч гэсэн эндээс буцаад нисэж явсан ч, дурсамж маань биднийг дахин энд авчирлаа. Сургууль маань биднийг маш халуун дотноор хүлээн авсан. Бид ч гэсэн үнэхээр сайхан сэтгэгдэлтэй үлдлээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ


