Орос, Украины төлөөлөгчдийн дараагийн шатны хэлэлцээ ойрын үед болно

 Швейцарын Женев хотод лхагва гарагт болсон Орос, Украины төлөөлөгчдийн хэлэлцээ хоёр цаг орчим үргэлжилсэн тухай уг уулзалтад Оросын төлөөлөгчдийг ахлан оролцсон Владимир Мединский мэдэгджээ. Түүний хэлснээр, хэлэлцээ “хүнд байсан хэдий ч ажил хэрэгч” уур амьсгалд болсон байна. 

Тэрбээр уулзалтын дараа сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, та бүхний мэдэж байгаачлан хэлэлцээ хоёр өдөр үргэлжилсэн, өчигдөр /мягмар гарагт/ хийсэн уулзалт янз бүрийн хэлбэрээр маш удаан үргэлжилсэн бол өнөөдрийн хэлэлцээ хоёр цаг орчим үргэлжилсэн хэмээн хэлээд дараагийн шатны хэлэлцээ ойрын хугацаанд болно гэдгийг онцолжээ.

Харин Украины төлөөлөгчдийг ахалж буй Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умеров хэлэхдээ, хэлэлцээнд ахиц гарч, зарим асуудал тодорхой болсон хэдий ч “одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэж мэдэгджээ. Тэрбээр мөн Оросын талтай хийсэн яриа хэлэлцээг “эрчтэй, гүнзгий агуулгатай” болсон гэж тодорхойлсон байна.

Женевт хоёр өдөр үргэлжилсэн хэлэлцээний дараа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сэтгүүлчдэд хэлэхдээ, цэргийн чиглэлд  ахиц гарсан гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, хоёр улсын төлөөлөгчид гал зогсоох дэглэмийг америкчуудын оролцоотой хянах асуудлаар “үндсэндээ тохиролцсон” гээд хэрэв улс төрийн хүсэл зориг байвал хэрэгжих боломжтой гэж онцолсон байна. Түүнчлэн Женевийн хэлэлцээнд Европын орнуудын төлөөлөгчдийг "илүү өргөн хүрээнд" оролцуулах нь чухал гэдгийг онцолжээ.

Эх сурвалж: ЖЕНЕВ /Kazinform/. 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.203)