Увс аймгийн Засаг дарга Э.Насанбат Алтайн Бүгд Найрамдах Улсад ажлын айлчлал хийлээ

Увс аймгийн Засаг дарга Э.Насанбат тавдугаар сарын 8-9-ний өдрүүдэд ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсад ажлын айлчлал хийж, хоёр талын соёл, аялал жуулчлал болон бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр уулзалтууд зохион байгууллаа.

Айлчлалын хүрээнд Засаг дарга Э.Насанбат Алтайн Бүгд Найрамдах Улсын Үндэсний музейд зочлон, бүс нутгийн түүх, соёлын өвийн үзмэрүүдтэй танилцаж, музейн удирдлагатай уулзлаа.

Мөн уулзалтын Монгол Улс, Алтайн Бүгд Найрамдах Улс хоорондын соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгааг онцолж, цаашид хамтарсан арга хэмжээ, үзэсгэлэн, соёлын солилцоог идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр Алтай болон Монголын ард түмний түүхэн харилцааг харуулсан үзэсгэлэнгүүдтэй танилцаж, мөн Алтайн Бүгд Найрамдах Улсын иргэдийн Аугаа их Эх орны дайны ялалтад оруулсан хувь нэмэрт зориулсан үзүүлэнгүүдэд онцгой анхаарал хандуулсан байна. Өнгөрсөн үеийн нийтлэг түүх, ой санамжийг хадгалан хамгаалж, залуу үед өвлүүлэн үлдээх нь хоёр орны хувьд чухал ач холбогдолтой болохыг Засаг дарга онцлон тэмдэглэлээ.

Мөн энэ үеэр 2026 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Э.Насанбат Аугаа их Эх орны дайны ялалтын 81 жилийн ойд зориулсан ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо. Тэрбээр Алтайн Бүгд Найрамдах Улсын удирдлага болон Горно-Алтайск хотын иргэдийн хамт Алдрын хөшөөнд цэцэг өргөж, эх орныхоо төлөө амь үрэгдсэн дайчдын дурсгалыг нэг минут чимээгүй хүндэтгэн, баярын жагсаалд оролцсон юм.

Увс аймгийн Засаг дарга Э.Насанбат хэлэхдээ, XX дугаар зууны эмгэнэлт бөгөөд баатарлаг түүхэн үйл явдлын ой санамжийг хадгалах үйл хэрэгт олон улсын хамтын ажиллагаа, ард түмнүүдийн эв санааны нэгдэл чухал үүрэгтэйг онцоллоо. Түүнчлэн Алтайн Бүгд Найрамдах Улсын удирдлага, оршин суугчдад халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлж, бүс нутаг хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Засаг дарга Э.Насанбатын энэхүү ажлын айлчлал нь Монгол Улс болон Алтайн Бүгд Найрамдах Улсын уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж, нийтлэг түүх, эв нэгдэл, харилцан хүндэтгэлийн үнэ цэнийг илэрхийлсэн онцлог үйл явдал боллоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.77)