Монгол судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

“Монгол судлалын шинэ эрин-VI” олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 16-17-нд болно.
Энэ удаагийн хуралд арваад орны 153 эрдэмтэн судлаач биечлэн болон цахимаар оролцох юм. Тодруулбал, Монгол, АНУ, Канад, ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, БНУУ, Энэтхэг зэрэг орны 30 гаруй их, дээд сургууль, 17 судалгааны байгууллага, хүрээлэнгийн эрдэмтэн, судлаач бүртгүүлжээ.
Тус хурлаар монголын түүх археологи, нийгэм хууль эрх зүй, улс төр, монгол болон харьцуулсан хэл шинжлэл, монголын уран зохиол, сэтгүүл зүй олон нийтийн харилцаа, соёл судлалын өргөн хүрээнд асуудлыг хэлэлцэх ажээ.
Хурлын хөтөлбөрийг https://msue.edu.mn/n/r/3157 холбоосоор үзэх боломжтой.
Дашрамд дурдахад, тус хурлыг Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Монгол Судлалын Сургууль 2004-2010 он хүртэл “Монгол судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурал” нэртэйгээр жил бүр зохион байгуулдаг байсан бол 2011 оноос МУБИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Ухааны Сургууль болон Монгол Судлалын Хүрээлэн “Монгол судлалын шинэ эрин” нэртэйгээр хоёр жилд нэг удаа тогтмол зохион байгуулдаг болжээ. Ийнхүү сүүлийн жилүүдэд Монгол, АНУ, Канад, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Япон, БНСУ, БНУУ зэрэг олон орны эрдэмтэн, судлаачид оролцож, судалгааны шинэ үр дүнгээ танилцуулдаг Монгол судлалын томоохон үйл ажиллагаа болж өргөжсөн байна.








