Зүрх судасны үндэсний төв байгуулснаар нэг дор төвлөрсөн үйлчилгээ үзүүлнэ

Монгол Улсын хүн амын дунд зонхилох өвчин, нас барах гол шалтгааны нэг болоод буй зүрх судасны өвчнийг багасгах үндэсний хэмжээний төсөл бодит ажил болж байна.

Люксембургийн Их Гүнт Улсын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Гүсти Граас тэргүүтэй төлөөлөгчид Улсын Гуравдугаар төв эмнэлэгт зочилж, “Зүрх судасны үндэсний төв” байгуулах төслийн явцтай танилцсан юм. Энэ үеэрээ зүрх судасны тусламж үйлчилгээний хөгжил, сүүлийн 25 жилд Люксембургийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн төслийн үр дүн, ололт амжилт, хамтын ажиллагааг өндрөөр үнэлжээ.

Монгол Улс, Люксембургийн хамтын ажиллагааны хүрээнд 2001 оноос 5 үе шаттай хэрэгжүүлж буй энэ төсөл нь зүрх судлалын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, олон улсын түвшинд хүргэхэд чухал нөлөө үзүүлж байгааг Улсын Гуравдугаар төв эмнэлэг мэдээллээ.  

Төсөлд 21 аймаг, 9 дүүргийг хамруулсан бол тав дахь шат болох Үндэсний төвийг байгуулах юм. Цаашид 2025-2029 онд 120 ортой, орчин үеийн иж бүрэн “Зүрх судасны үндэсний төв” байгуулснаар оношилгоо, мэс засал, яаралтай тусламж, сэргээн засах эмчилгээг нэг дор төвлөрүүлсэн цогц үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэх ажээ.

Улсын Гуравдугаар төв эмнэлэг сүүлийн 5 жилд зүрх судасны нарийн мэс заслыг эх орондоо амжилттай нутагшуулж, 6500 гаруй хагалгаа хийж, 39 тэрбум төгрөгийн валютын урсгалыг дотооддоо үлдээсэн нь бодит үр дүн гэдгийг эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир тэмдэглэв.

П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлгийг 1954 онд байгуулан, үндэсний лавлагаа төв болгон, зүрх судас, мэдрэлийн чиглэлээр тэргүүлэх тусламж үйлчилгээ үзүүлж байгаа билээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.140)