Унгарын арми "Туркийн урсгал"-ыг хамгаална

 “Туркийн урсгал” хий дамжуулах хоолойн Унгарын нутгаар дамжин өнгөрдөг хэсгийг тус улсын арми хамгаалалтандаа авна. Энэ тухай Унгарын Гадаад харилцааны сайд Петер Сийярто Х нийгмийн сүлжээний хуудсандаа мэдэгджээ.

Унгарыг чиглэсэн хийн хоолойн орчимд дэлбэрэх төхөөрөмж байсныг Сербийн нутагт илрүүлсний дараа энэ шийдвэрийг гаргасан байна.

“Манай улсын хэрэглэж буй хийн 56 хувь нь энэ хоолойгоор дамждаг тул онцгой ач холбогдолтой, иймээс уг хоолойг хамгаалах арга хэмжээ авахаар ОХУ, Серб, Турк улсуудтай тохиролцсон” гэдгийг сайд хэллээ.

 

Энэ сарын 5-ны өдөр Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич Унгарын Ерөнхий сайд Виктор Орбанд мэдээлэл өгөхдөө “Сербийн хойд нутгийн Воеводина автономит мужаар дайран өнгөрдөг хийн хоолойн ойролцоо хүчтэй дэлбэрэх төхөөрөмжийг байсныг илрүүлсэн” гэжээ.

Үүнийг байрлуулахад Украин оролцсон гэж Унгарын тал хардаж байгаа ажээ. “Эхлээд украинчууд өөрийнх нь нутгаар дайран өнгөрдөг хийн хоолойг хаасан, дараа нь нефть дамжуулах “Дружба” хоолойг сэргээгээгүй, сүүлийн өдрүүдэд тэд Оросын нутаг дахь “Туркийн урсгал” хоолой руу дроноор дайрч байна” гэж Сийярто нийгмийн сүлжээнд бичжээ.  

Харин Украины ГХЯ-ны төлөөлөгч Георгий Тихий мэдэгдэхдээ, илрүүлсэн гэх дэлбэрэх төхөөрөмжинд манай улс ямар ч хамаагүй, энэ бол Унгарт болох гэж буй парламентын сонгуулийн өмнө олон нийтийн санаа бодолд нөлөөлөх гэсэн ажиллагаа байж магадгүй гэлээ. 

Эх сурвалж: БУДАПЕШТ /DW/. 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)