Татсан тамхиныхаа цогийг бүрэн унтрааж, ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулав

Хаврын улиралд ой, хээрийн түймэр тархах эрсдэл нэмэгддэгийг ОБЕГ-аас анхаарууллаа.

Учир нь ой, хээрийн түймэр нь манай улсад хамгийн их тохиолддог гамшгийн нэг бөгөөд түймэр гарах шалтгаан нь агаар, хөрсний их халалт, хуурайшилтаас гадна хүний буруутай үйл ажиллагаанаас ихээхэн хамаарч байна.

Тиймээс иргэд гэр, малын хашаа хороог түймрээс хамгаалан 100 метрээс багагүй зайд цурав, шороон зурвас татах, халуун үнс, нурмыг тусгай таглаа бүхий нүх, саванд хийх, хог, шар өвсийг ил задгай шатаахгүй, ой, хээрт ил задгай гал түлэхгүй, асаасан шүдэнз, татсан тамхины гал цог, нурмыг бүрэн унтраах, авто машин, тээврийн хэрэгслийн янданг оч баригчтай болгох, түймэр унтраах анхан шатны багаж хэрэгсэл бэлтгэх, шашны зан үйл хийхдээ галын аюулгүй байдлыг хангах зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.

ОБЕГ-ын мэдээлснээр, энэ сарын 6-ны байдлаар 8 аймгийн 21 сум, нийслэлийн хоёр дүүрэгт ой, хээрийн гал түймэр 25 удаа бүртгэгдээд байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 34.2 хувиар багассан ч эрсдэл хэвээр байгаа. Дээрх түймэрт ойн 704 га, хээрийн 58.615 га нийт 59.319 га талбай өртсөн бол 26 гэр, 19 өвөлжөө, хашаа саравчийг түймэрт өртөхөөс хамгаалж, 3 айлын 8 иргэн, 2000 орчим малыг нүүлгэн шилжүүллээ. Түймрийг унтраахад Онцгой байдал, Хил хамгаалах болон Цагдаагийн байгууллагын алба хаагч, орон нутгийн нийт 1079 хүн, 172 авто машинтай оролцжээ.

Ойн тухай хуульд зааснаар жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос 6 дугаар сарын 10-ныг хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилтын үе гэж үздэг юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)