Нүүдлийн амьтдыг хууль бусаар агнах, ашиглахтай тэмцэх санаачилгыг эхлүүллээ

Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцын Талуудын 15 дугаар бага хурал (CMS COP15) Бразилын Кампо Гранде хотод боллоо.

Дэлхийн 100 гаруй орны Засгийн газар, олон улсын байгууллага, судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл энэхүү хуралд оролцож, нүүдлийн амьтдыг хамгаалах дэлхийн бодлого, хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлов. Хурлаар нүүдлийн амьтдын хамгааллын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн бөгөөд нийт нүүдлийн зүйлүүдийн 49 хувь нь буурч, 24 хувь нь устах аюулд орсныг онцлон тэмдэглэлээ. Гэвч олон улсын хамтын ажиллагааны үр дүнд бөхөн хамгааллын байдал сайжирсан эерэг үзүүлэлт гарсныг мөн дурдсан байна. COP15-аар 50 гаруй шийдвэр баталж, 40 гаруй зүйл, дэд зүйл, популяцыг конвенцын хавсралтад шинээр бүртгэжээ. Мөн нүүдлийн амьтдыг хууль бусаар агнах, ашиглахтай тэмцэх “Global Initiative on the Taking of Migratory Species” санаачилгыг эхлүүллээ.

 

Энэ удаагийн хурлаар конвенцын Шинжлэх ухааны зөвлөлийн Хуралдааны хорооны Азийн бүсийн төлөөллөөр Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн ахлах судлаач, доктор Б.Бүүвэйбаатар, Хуурай газрын хөхтөн амьтны асуудал хариуцсан зөвлөхөөр ХБНГУ-ын Сенкенбергийн байгалийн нөөцийн нийгэмлэгийн судлаач, доктор Д.Нандинцэцэг нарыг сонгосон байна.

 

Монгол Улс цаашид нүүдлийн амьтдын хамгааллыг сайжруулах чиглэлээр Төв Азийн хөхтөн амьтны санаачилга (CAMI), идлэг шонхор шувууны олон улсын төлөвлөгөө, талын бүргэд, тоодог шувуу хамгааллын хөтөлбөрүүд, нүүдлийн шувуудын замын түншлэл, хил дамнасан хамгаалалтын бүсүүдийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцохоо илэрхийлэв. Мөн дэд бүтцийн сөрөг нөлөөг бууруулах, судалгаа, мониторингийг сайжруулах, өгөгдөлд суурилсан бодлого боловсруулах чиглэлээр олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр болжээ.

Тус хурал нь нүүдлийн амьтдыг хамгаалахад экологийн коридорыг бий болгох, холбоос нутгийг хамгаалах, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинжлэх ухаанд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих шаардлагыг онцолж, конвенцын хэрэгжилтийг Даян дэлхийн биологийн олон янз байдлын Куньмин-Монреалийн хүрээний зорилтуудтай уялдуулан хэрэгжүүлэхийг онцоллоо.

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)