Монголч эрдэмтэн Г.И.Слесарчукийн 100 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болов

ОХУ-ын нэрт монголч эрдэмтэн, түүхийн ухааны доктор, Монгол Улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн хүндэт доктор Г.И.Слесарчукийн 100 насны ойд зориулсан “Монгол судлалын анхны уншлага” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Москва хотын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнд гуравдугаар сарын 30-нд болов.

ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн эрдэм шинжилгээний асуудал эрхэлсэн орлогч захирал, түүхийн ухааны доктор Н.Г.Романова хурлыг нээж үг хэлсэн бөгөөд амьдралынхаа 60 жилийг монгол судлалд зориулсан эрдэмтэн, доктор Г.И.Слесарчукийн эрдэм шинжилгээний түүхэн бүтээлүүдийн ач холбогдлын талаар товч мэдээлэл хийв.

Эрдэм шинжилгээний бага хуралд ЭСЯ-ны III нарийн бичгийн дарга, хэл бичгийн ухааны доктор О.Чинбаяр оролцон мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр энэ жил тохиож буй Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойн хүрээнд “XX зууны эхэн үеийн Монгол дахь хэвлэлийн газруудын үүсэл хөгжлийн онцлог” сэдвээр илтгэл тавьсан юм.

Оросын нэрт монгол судлаач Б.Я.Владимирцовын “Монголын ард түмний утга зохиолын тухай бүтээлүүд” хэмээх ботийг эрдэмтэн Г.И.Слесарчукийн хамт эмхэтгэсэн хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор А.Д.Цендина, монголч эрдэмтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор И.В.Кульганек, түүхийн шинжлэх ухааны доктор К.В.Орлова, Т.Д.Скрынникова, түүхийн ухааны доктор А.Д.Гомбожапов, Н.Л.Жуковская зэрэг 21 эрдэмтэн болон аспирант тус бага хуралд оролцон, илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Г.И.Слесарчук эрдэмтэн, доктор М.И.Гольманы хамт "Монгол-Зөвлөлтийн харилцаа.1921-1966" (Москва, 1965), "Монгол-Зөвлөлтийн харилцаа.1921-1974” баримт материалын эмхэтгэл хоёр боть, Монгол, Оросын бусад зохиогчдын хамт "Коминтерн ба Монгол", "Монгол-Зөвлөлтийн соёл, шинжлэх ухаан, техникийн харилцаа.1921-1960" зэрэг түүхэн баримт бичгийн эмхэтгэлийг эрхлэн гаргасан гэж Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас мэдээллээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)