УИХ-ын дарга С.Бямбацогт ҮСХ-ны үйл ажиллагааны тухай мэдээлэл сонслоо

УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр УИХ-д үйл ажиллагаагаа тайлагнадаг байгууллагуудын нэг болох Үндэсний Статистикийн Хороо /ҮСХ/-ны бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсож, танилцах уулзалт хийлээ.
ҮСХ-ны дарга Б.Батдаваа, “Эдийн засгийн нөхцөл байдал-өрхийн санхүү” сэдвээр мэдээлэл хийж, нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, цаашид анхаарах асуудлуудын хүрээнд дэлгэрэнгүй танилцуулав.
Эдийн засгийн өсөлтийг өмнө нь улирлаар тооцдог байсан бол одоо сараар тооцдог болсон байна. Тоо баримтаас харахад 2025 онд эдийн засгийн жилийн өсөлт 6,8 хувьтай гарсан бол 2026 оны эхний эхний хоёр сарын байдлаар 7,6 хувийн өсөлттэй харьцангуй сайн дүр зураг харагдаж байгаа ч гадаад дотоод нөхцөл байдлаас хамаарсан инфляцын өсөлтийн эрсдэл байгааг анхаарч, бага дунд орлоготой иргэдээ дэмжих бодлогыг хэрэгжүүлж ажиллах шаардлага байгаа талаар ҮСХ-ны дарга Б.Батдаваа мэдээлэлдээ дурдав.
Мөн статистикийн мэдээллийг илүү нээлттэй, улсын хэмжээнд мэдээллийг дэлгэрэнгүй нарийвчлалтай, давтамжаа нэмэгдүүлэх зорилгоор өгөгдлийн засаглалыг хөгжүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, төрд байгаа мэдээллийн санг нэгтгэх, өөр хоорондоо хуваалцах, ашиглахтай холбоотой зохицуулалт дутагдаж байгаа талаар яригдаж байгаа. Энэ хүрээнд Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа гэв.
УИХ-ын дарга С.Бямбацогт хэлсэн үгэндээ, суурь мэдээлэл, тоо баримт үнэн зөв, чанартай байж, шийдвэр зөв гарна. Тиймээс статистикийн байгууллага хараат бус, нээлттэй, ил тод ажиллах зарчмыг мөрдлөг болгоход анхаарч ажиллах шаардлагатайг онцлон тэмдэглэв. Ингээд судалгаа, мэдээллийг бүрэн гүйцэт цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийхтэй холбоотой хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлж тодорхой асуудлаар үүрэг чиглэл өглөө.
Тодруулбал, төрийн бодлого тодорхойлоход шаардлагатай мэдээллийг цуглуулах, боловсруулах ажлыг иж бүрэн гүйцэтгэх, мөн төрийн байгууллагууд мэдээллээ өөр хоорондоо саадгүй хуваалцахтай холбоотой шийдэл тус тус боловсруулж танилцуулахыг үүрэг чиглэл болголоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.








