Б.Мянганбаярыг Азийн бөхийн холбооны Зүүн бүс хариуцсан төлөөлөгчөөр сонгожээ

Сонгомол болон чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Киргизийн Бишкек хотод үргэлжилж байна.
Энэ үеэр Азийн бөхийн холбооны ээлжит хурал болж, Удирдах зөвлөлөөс Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мянганбаярыг Зүүн Азийн бүс хариуцсан төлөөлөгчөөр сонгожээ. Ингэснээр монгол анх удаа Зүүн Азийн бүсийг төлөөлөн ажиллах болж байна. Зүүн бүсэд Монгол, Солонгос, Хойд Солонгос, Япон, Хятад, Хонконг, Тайвань, Макао, Гуам гэсэн есөн орон багтдаг аж.
Өчигдөр эхэлсэн ААШТ-ий сонгомол бөхийн тэмцээнд манай улсаас 55 кг-д М.Даваабанди, 130 кг-д Б.Намбардагва нар эхний тойрогт ялагдсан бол хэдхэн хормын өмнө 97 кг-ын жинд зодоглосон Г.Ганхуяг Саудын Арабын бөхийг ялсан ч шөвгийн наймд Хятадын Ван Зегангт ялагдсан байна.

Ташрамд дурдахад, чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрэгтэйчүүд өнөөдөр Бишкекийн зүг хүлгийн жолоо залав.









