Хаан, хатны дүрийг мөнхөлсөн хос хүн чулуу

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Дэлгэрхаан багийн нутаг Цахиуртын ганц модны сайрт сумын төвөөс 48 км, багийн төвөөс 3 км зайд хос хүн чулуу бий.
Хос хүн чулууны ур хийц гайхалтай бөгөөд тухайн үеийн хаан, хатан хоёрыг дүрслэн мөнхөлсөн бүтээл юм.
Монгол Улсад эдүгээ нийт 500 гаруй хүн чулуу илрүүлэн олж бүртгээд байгаагийн 400 гаруй нь Түрэгийн үеийн хүн чулуун хөшөө юм. Түрэгийн үеийн хүн чулуу нь гол мөрний сав хөндий, тэдгээрийн ойр орчим тэгш сайхан тал зэрэг олны хараанд өртөхүйц байгалийн үзэмжит газар нутагт цогцлоон байгуулсан тахил шүтээний байгууламжийн бүрэлдэхүүнд ордог онцлогтой.
Хүн чулууны өмнөөс зүүн урагш чиглүүлэн олон гозгор чулууг нэг эгнээгээр цувуулан зоож тавьдаг ба үүнийг “балбал” буюу “зэл чулуу” гэнэ. Энэ үеийн хүн чулуудыг тусгай тогтсон загварын дагуу урлан хийдэг байжээ.







