У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний эрхэм үүрэг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол эр хүн” үндэсний III чуулганыг Төрийн ордонд өнөөдөр зохион байгууллаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээж хэлэхдээ, монголчууд эрэгтэй хүүхдэдээ эр зориг, эрдэм билиг, холч ухаан, уужуу сэтгэлтэй, тэсвэр хатуужил, ёс жудаг, чин шударга, андгай тангарагтаа үнэнч байхыг сурган хүмүүжүүлж, төр улс, түмэн олондоо өмөг түшиг болсон ноён нуруутай эрсийг монгол эр хүн хэмээн өргөмжилж ирснийг тэмдэглэлээ. Өвгөд дээдсийнхээ үйл хэрэг, үзэл санаа, алдар гавьяаг залгамжлан тив, дэлхийд эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа эрчүүд, залуучууд, тэр дундаа дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгэн, “Монгол цэрэг” хэмээх нэрийг дэлхий дахинд цуурайтуулсан олон мянган энхийг сахиулагчдаараа бахархаж байдгаа онцлов.

Эх орон, ард түмэн, гэр бүл, үр хүүхдээ хайрлан дээдэлж, илүү үүрэг, хариуцлага хүлээн, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг хэмээгээд, цаашид эр хүн бүр эрүүл биетэй, саруул ухаантай, уужим сэтгэлтэй, зөв хандлагатай, өв соёл, үнэт зүйлээ эрхэмлэн дээдэлдэг, мэдлэг боловсролтой, ажилч хичээнгүй байхын төлөө хичээн зүтгэхийг уриаллаа.

Энэ жилийн чуулганаар монгол эр хүний талаарх уламжлалт ойлголт, орчин цагийн монгол эр хүний манлайлал, гэр бүл дэх эр хүний үнэ цэн гэсэн гурван үндсэн сэдвийг хөндсөн юм. Иймд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир мөн үеэр хэлэхдээ, “Манай улсын нийт хүн амын 49 хувь нь эрэгтэйчүүд. Гэтэл манай эрчүүд осол аваарт өртөмтгий, архи согтууруулах ундааны хэрэглээ ихтэй, тэр хэрээр зүрх судасны өвчнөөр өвдөх, амиа насаа алдах зэрэг эрсдэлийг бий болгож байна. Тиймд төрөөс эрэгтэйчүүдэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг илүү системтэй хэрэгжүүлж байгаа”-гаа тодотгов.

Тухайлбал, “Монгол эр хүн” үндэсний анхдугаар чуулганы үеэр дэлхийн дунджаас хэт зөрүүтэй байгаа дундаж наслалтын зөрүүг бууруулах асуудлыг хөндөж байсан байна. Өөрөөр хэлбэл, 2021 оны жилийн эцсийн байдлаар эрэгтэйчүүдийн дундаж наслалт 66.7, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76.2 буюу зөрүү нь 9.5 жил байсан аж. 2024 оны жилийн эцсийн статистикаар эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67.92, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 77.1 жил буюу наслалтын зөрүү 0,32 функтээр буурсан байна.

2022 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд эрэгтэйчүүд олноор ажилладаг уул уурхай, тээвэр, зам, барилга зэрэг салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад ихээхэн анхаарч, ажиллагсадын ажил, ар гэрийн тэнцвэрийг хангахад чиглэсэн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлж байгааг салбарын сайд илтгэлдээ дурдсан юм.

Үүний дараа Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба Ерөнхийлөгчийн санаачилгаар 2026-2030 онд “Эх оронч монгол” үндэсний хөдөлгөөн өрнүүлэх болсон тухай танилцууллаа. Хөдөлгөөн нь хүүхэд, залуучуудад үндэсний язгуур ашиг сонирхол, монгол хүний эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлж, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, ёс зүйтэй иргэнийг төлөвшүүлэх зорилготой аж.

Чуулганд төр,  иргэний нийгэм, зарим аймаг, нийслэл, дүүргийн нийт 800 гаруй төлөөлөгч оролцож, бодлогын зөвлөмж гаргалаа. Энэхүү чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2022, 2024 онд зохион байгуулж байв.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.37)