“Сүүн дархлаа” хөтөлбөрийг “Витафит Милк” ХХК-тай хамтарч хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар тэргүүтэй албаныхан энэ сарын 10-нд “Витафит Милк” ХХК-ийн сүүний үйлдвэртэй танилцаж, сүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар санал бодлоо солилцлоо.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар, “Витафит Милк” компанийн сүүний үйлдвэрт тулгамдсан асуудал болох шугам сүлжээг өргөтгөнө. Үйлдвэрийн урдуур тавих замын асуудлыг шийднэ. Тухайн орчимд ТЭСО группийн үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс хоёр томоохон үйлдвэрт тулгамдаж буй зам, шугам сүлжээ зэрэг дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэнэ. Нийслэлээс 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласан. Хотод татвар төвлөрүүлж буй үйлдвэрлэгчдээ дэмжинэ. ААН-үүд эрсдэл үүрч шинэ технологи бүхий үйлдвэр нээж байгаа нь сайшаалтай” гэлээ.

“Витафит Милк” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Болорсайхан, “Нийслэлээс үндэсний үйлдвэрлэгчид, тэр дундаа сүүний үйлдвэрүүдийг дэмжиж ажиллаж байгаад талархаж байна. Манай компани үйлдвэрийн хаягдал усыг цэвэрлэх урьдчилан цэвэрлэх байгууламжтай болохоор бэлтгэлээ базааж байна. Ирэх хавраас ажил эхэлнэ” гэв.

НЗДТГ-аас нийслэлийн зарим сургуулийн 19 мянган хүүхдэд долоо хоногийн 2-3 өдөрт сүү тогтмол өгч ирсэн. Сүү хөтөлбөрийг өргөжүүлэх зорилгоор энэ оны нийслэлийн төсөвт 8.9 тэрбум төгрөгийг тусгаж, улсын сургуульд суралцаж буй 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдэд долоо хоногт 3 удаа сүү өгөхөөр болсон юм. НЕБ-ын сургуулийн хүүхдүүдэд долоо хоногт 3 удаа сүү өгснөөр үндэсний сүү үйлдвэрлэгчдээс баталгаатай, чанартай сүүг нийлүүлэх боломж бүрдэнэ.

“Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн нээлтийг нэгдүгээр сарын 26-нд хийхээр төлөвлөж байна гэж нийслэлийн ЗДТГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.185)