Халуун дулаан харилцааг үгүйлсэн “Гэгээ” киноны нээлтийг хийлээ

Аймгийн Хөгжимт драмын театрын залуу уран бүтээлчид “Гэгээ” кино контентыг бүтээж, үзэгчдийн хүртээл болголоо.

Сошиал ертөнцийг шүтсэн орчин үед гэр бүлийн амьд харилцаа, халуун дулаан нөхөрлөл дутагдаж байгааг, хүүхдийн хүсэл мөрөөдөл, дуу хоолойг сонсох шаардлага байгааг нийгэмд тунхагласан тус киноны зохиолыг “Алтан баярга” утга зохиолын нэгдлийн гишүүн Х.Доржпалам бичжээ. Тэрбээр “Хөгжлийг зөвхөн Улаанбаатар хотоор төсөөлдөг. Нийслэлд л урлаг соёлын томоохон арга хэмжээ нээлтээ хийдэг мэтээр иргэд ойлгодог шүү дээ. Тиймээс л манай багийнхан энэ хэвшмэл ойлголтыг халж, өөрсдийн тоглож өссөн Арвайхээр хотынхоо “Orkhon cinema” театрт кино контентоо нээлээ. Орон нутагт ч боломжууд үргэлж байдаг” гэв.

Кино найруулагчаар Э.Дашзэвэг ажилласан бөгөөд “Арваад жил тайзны уран бүтээлчээр ажилласан бол анх удаа дэлгэцийн уран бүтээлээ өлгийдөн авлаа. Бид ашиг олохоос илүү нийгэмд тулгамдаж буй асуудлыг урлагаар илчилж, олны сонорт хүргэхийг хичээсэн” гэсэн юм.

Киноны гол дүрд Хөгжимт драмын театрын жүжичин Н.Гансэлэм, П.Ариунзаяа, Б.Мөнх-эрдэнэ нар тогложээ. Уран бүтээлчид энэ онд олон уран бүтээл туурвихаар бэлтгэл ажилдаа ороод байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.181)