Монголд "Росгеология"-ийн судалсан хэсэгт зэсийн шинэ орд илрүүлэв

Монголын хойд хэсэгт томоохон шинэ зэсийн орд Оюут илэрлээ. Энэхүү хайгуулыг төрийн өмчит уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр амжилттай гүйцэтгэсэн бөгөөд уг хайгуулын ажил нь 2020-2023 онд Эрдэнэтийн орд газрын бүсэд «#Росгеология» холдингийн байгууллага болох “Зарубежгеология” болон “СНИГГиМС” хамтран гүйцэтгэсэн урьдчилсан хайгуулын үр дүнд тулгуурласан бөгөөд эдгээр ажлыг “Эрдэнэт” ТӨҮГ-ын эзэмшдэг стратегийн лицензийн дагуу захиалгаар хэрэгжүүлсэн тухай “Росгеология”-ийн мэдээнд дурджээ.
“Урьдчилсан үнэлгээгээр Оюут орд 357 сая тонн хүдэртэй, зэсийн дундаж агуулга нь 0,32%, цэвэр зэсийн нөөц нь 1,1 сая тонноос давж байгаа нь “Эрдэнэтийн-Овоо” ордтой дүйцэхүйц нөөц юм. Тус ордыг манай үйлдвэр 50 орчим жил ашиглаж байна” гэж “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийн Ерөнхий захирал Гэлэнгийн Ёндон мэдээлэв.
Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар шинэ ордын нээлтийн ёслолд оролцох үеэрээ ордын дэргэд жилдээ 5-10 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийг барих техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах үүргийг өгчээ. Тэрбээр мөн Оюут ордыг боловсруулан ашиглах ажил нь 30-35 жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд энэ нь “Эрдэнэт”үйлдвэрийн тогтвортой үйл ажиллагааг хангахаас гадна Эрдэнэт хот, Орхон аймаг, Монголын хойд бүс нутаг болон нийт орны нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлнэ гэдгийг тэмдэглэв.
“Манай геологичдод 2020 онд зэсийн хүдэржилтийн нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор өргөн хүрээний хайгуулын ажил хийх ирээдүйтэй талбайг тодорхойлох даалгавар өгөгдсөн. Ковидын цар тахлын хатуу хязгаарлалтын үед Орос, Монголын мэргэжилтнүүд хамтран уг зорилтыг цаг тухайд нь, чанартай биелүүлж чадлаа. Ашигласан аргачлал болон геологи-хайгуулын ажлын цогц арга нь томоохон аномалиудыг илрүүлж, хүдэржилтийн ирээдүйтэй талбайг тодорхойлоход боломж олгосон” гэж “Зарубежгеология”-гийн ерөнхий захирал Алексей Десяткин онцоллоо.
“Росгеология”-ийн мэргэжилтнүүдийн хийсэн иж бүрэн ажлын хүрээнд талбайн геофизикийн судалгаа, хоёрдогч тархалтын литогеохимийн хайгуул, шлихийн геохимийн судалгаа, геологийн маршрут, баталгаажуулах гар өрөмдлөг зэрэг оржээ.
Оюут ордын тухай
Оюут орд нь 1963 онд нээгдсэн Эрдэнэтийн-Овоогийн зэс-молибдений ордоос 3 км зайд оршдог. Энэ ордын суурин дээр 1970-аад онд томоохон уулын баяжуулах үйлдвэр болон Эрдэнэт хотыг байгуулсан билээ. Оюут ордын талбай нь Эрдэнэтийн хүдэржилтийн бүсийн огтлолын зүүн өмнөд үргэлжлэлд байрлах бөгөөд нөөцөөрөө Эрдэнэтийн-Овоо ордтой харьцуулж болохуйц. 1972 оны нарийвчилсан хайгуулын дараа Эрдэнэтийн-Овоог 521,7 сая тонн хүдрийн нөөцтэй гэж үнэлж байв.
Эх сурвалж: МОСКВА/ТАСС/.








