“СЭЛЭНГЭ-2025” ХЭЭРИЙН СУРГУУЛЬ ОХУ-ЫН НУТАГ ДЭВСГЭРТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Монгол Улсын Зэвсэгт хүчин, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2025” байлдааны буудлагатай хээрийн сургуулийн гуравдугаар шатны төлөвлөлтийн хурал ОХУ-ын Улаан-Үүд хотноо 07 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж байна.
Гуравдугаар шатны төлөвлөлтийн хурлыг Монгол Улсын талаас Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Ц.Буяндэлгэр, Оросын Холбооны Улсын талаас Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, хошууч генерал В.А.Белявский нар удирдан явууллаа.
Хурлаар талууд “Сэлэнгэ-2025” хээрийн сургуулийн зохион байгуулалт, сэдэв, зорилго, боловсруулах асуудлыг эцэслэн бататгаж тохиролцсон бөгөөд Монгол Улсын талын ажлын хэсгийнхэн хамтарсан сургууль явагдах газар оронтой мөн танилцлаа. Учир нь “Сэлэнгэ” хээрийн сургууль хоёр орны нутаг дэвсгэрт ээлжлэн зохион байгуулагддаг зарчмын дагуу энэ жил ОХУ-ын нутагт явагдах юм.
Хурлын төгсгөлд хоёр талын ажлын хэсгийнхэн шийдвэрүүдээ эцэслэн нэгтгэж, Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Ц.Буяндэлгэр, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, хошууч генерал В.А.Белявский нар хамтарсан протоколд гарын үсэг зурлаа.