Хятадын BYD орлогоороо анх удаа Tesla-г гүйцжээ

Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч BYD компани улирлын орлогоороо анх удаа АНУ-ын Tesla компанийг гүйцжээ.

BYD энэ оны 7-9 дүгээр сарын хооронд 200 гаруй тэрбум юанийн /28.2 тэрбум ам.доллар/ орлого олсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 24 хувиар өссөн байна. Харин Илон Маскийн компаний улирлын орлого 25.2 тэрбум ам.доллар байжээ. Гэсэн хэдий ч Tesla гуравдугаар улиралд BYD-гээс илүү олон цахилгаан машин зарсан хэвээр байв.

Хятадад хэрэглэгчдийг дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашинаа цахилгаан эсвэл хос хөдөлгүүртэй автомашинаар солихыг дэмжих зорилгоор засгийн газраас татаас олгож буйтай холбоотойгоор цахилгаан автомашины борлуулалт нэмэгджээ.

BYD-гийн сарын борлуулалт мөн өнгөрсөн улирлын сүүлийн сард түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн нь Хятадын хамгийн их борлуулалттай автомашин үйлдвэрлэгчийн хувьд ололт амжилт үргэлжилсээр байгааг харуулж байна. Гэвч Хятадын засгийн газраас BYD зэрэг дотоодын автомашин үйлдвэрлэгчдэд дэмжлэг үзүүлж байгааг гадаадын орнууд эсэргүүцэх нь улам бүр нэмэгдэх болжээ.

Тухайлбал, Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан автомашины импортод 45.3 хүртэлх хувийн татвар ногдуулах Европын Холбооны /ЕХ/ шийдвэр лхагва гаргаас хэрэгжиж эхэлсэн юм. Мөн Хятадын цахилгаан машин үйлдвэрлэгчид АНУ, Канадын 100 хувийн татвартай хэдийнээ тулгараад байна. Эдгээр тариф нь Хятадын автомашины үйлдвэрлэлд төрөөс шударга бусаар татаас олгож байгаатай холбоотой аж.

Өнгөрсөн долоо хоногийн байдлаарх албан ёсны мэдээллээр, байгальд ээлтэй машинаар сольж худалдаж авсан хуучин тээврийн хэрэгсэл бүрд 2800 ам.долларын татаас авахаар 1.57 сая өргөдөл ирүүлсэн байна. Энэ бол засгийн газрын зүгээс санал болгож буй татаасын нэг хэлбэр юм.

Хятад улс эдийн засгаа сэргээхийн тулд өндөр технологийн бүтээгдэхүүнүүдэд ихээхэн найдлага тавьж байгаа бөгөөд ЕХ нь тус улсын цахилгаан автомашины үйлдвэрлэлийн хувьд хамгийн том гадаад зах зээл юм. Сүүлийн хорин жилийн хугацаанд Хятадын дотоодын автомашины үйлдвэрлэл хурдацтай хөгжиж, BYD зэрэг брэндүүд олон улсын зах зээлд "хөл тавьж" эхэлсэн нь ЕХ-ны орнуудад компаниуд нь хямд үнэтэй тээврийн хэрэгслүүдтэй өрсөлдөх чадваргүй болох вий гэсэн болгоомжлолыг төрүүлэх болжээ.

Эх сурвалж : БЭЭЖИН /BBC/

Сэтгэгдэл:
Таны IP: (18.97.14.84)