Хүүхэд өсгөх бодит зардлын талаар ярилцацгаая

Залуу гэр бүлийн хувьд хэзээ бас хэдэн хүүхэдтэй болох вэ гэдэг маш чухал шийдвэр. “Хүнд хүн илүүдэхгүй” гэдэг үзэл сурталтай санал нийлэх хэдий ч “Хүнээр хүн хийнэ гэдэг тийм ч амар юм биш шүү” гэж шагширдаг буурлуудын үгийг ч мартаж үл болно. Тэр тусмаа хүүхэд зөнгөөрөө л өсчихдөг байсан гэх хуучны үе нэгэнт ард хоцорч эцэг эхчүүдийн үүрэг хариуцлага улам нэмэгдсээр байна.

Монгол улсын хэмжээнд 2022 оны байдлаар 67,874 хүүхэд төрсөн нь өмнөх оноос 8.1%-аар, 10 жилийн өмнөхөөс 15%-аар буурсан үзүүлэлт бөгөөд үүнд эмэгтэйчүүдийн боловсрол, ажил эрхлэлтийн түвшин болоод хүүхэд өсгөх өндөр зардал гэхчлэн олон хүчин зүйлс хамааралтай. Тэгвэл энэ удаад миний бие хоёр настай хүүхдийн ээж, залуу гэр бүлийн нэгэн төлөөллийн хувьд Улаанбаатар хотод хүүхэд өсгөх дундаж зардлыг хэрхэн тооцоолж болох талаар хүргэж байна. Ийнхүү тооцоолох нь эцэг эхэд санхүүгийн сахилга баттай байж, хүүхдээ чанартай өсгөх ямар чухал, том үүрэг хариуцлага болохыг ойлгуулах чухал алхам байх болно. 


Жирэмслэлт ба төрөлт

Хүүхэд өсгөх бодит зардлын талаар ярилцацгаая (фото 1)

Хүүхэдтэй холбоотой зардал түүнийг төрсөн цагаас бус бүрэлдсэн цагаас эхэлдэг. Жирэмсэн болмогцоо та шаардлагатай шинжилгээнүүдэд хамрагдаж, фолийн хүчил, төмрийн бэлдмэл, кальци зэрэг эрүүл ураг бүрэлдэн бий болоход шаардлагатай нэмэлт амин дэмүүдийг хэрэглэхээс гадна тогтмол жирэмсний хяналтад байх ёстой. Улаанбаатар хотын хэмжээнд жирэмсэн эхийн нэг удаагийн үзлэгийн төлбөр ураг хэдэн сартайгаас шалтгаалж дунджаар 25,000-80,000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа бол хувийн төрөх эмнэлэгт өөрөөрөө төрөхөд 1,900,000-2,800,000 төгрөг, кесарь хагалгаагаар төрөхөд 2,800,000-3,900,000 төгрөгийн үнэтэй байна.


Хүүхдийн хэрэглээ

Охиноо гурван сартай байхад нэгэн удаа живхний хэрэглээний талаар тооцоолол гаргаж байлаа. Тухайн үед манайх 100 ширхэг живхийг 19 хоногт хэрэглэж байсан нь дунджаар өдөрт тав, сард 210, жилд 2,520 ширхэг живх болж байсан бөгөөд нэг жилийн хугацаанд зөвхөн живхэнд л 1,600,000-2,000,000 төгрөгийг зарцуулахаар байсан юм. Энэ тооцооллоос улбаалж хүүхдээ найман сар хүрээд, өөрөө маш сайн сууж сурмагц хөтөвч хэрэглэх аргыг зааж эхэлсэн нь санхүүд хэмнэлттэй байгаад зогсохгүй их хэмжээний хог хаягдлыг бууруулахад нэн тустай шийдвэр болсон билээ.

Хүүхэд өсгөх бодит зардлын талаар ярилцацгаая (фото 2)

Энэ мэтчилэн жижиг зүйлс дээр нарийн тооцоолол хийх нь хэрэглээгээ хянаж, хэрэгцээгүй зардлыг багасгахад тусалдаг. Шинэ хүүхэд төрмөгц хүүхдийн тэрэг, ор, машины суудлаас эхлээд өлгий, угж гээд их хэмжээний зардал гарах хандлагатай байдаг ч аль болох цэвэрхэн хэрэглэсэн бага насны хүүхдийн эд зүйлсийг хамаатан садан, найз нөхөд дундаа тойруулан хэрэглэх нь орчин цагт мөнгө хэмнэхээс гадна байгаль дэлхийгээ хайрлаж буй нэг хэлбэр юм.


Цэцэрлэг

Хүүхэд өсгөх бодит зардлын талаар ярилцацгаая (фото 3)

2022 оны байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд нийт 649 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа ба үүний 276 нь төрийн өмчит, 373 нь хувийн өмчит цэцэрлэгүүд юм. Тэгвэл хувийн өмчит цэцэрлэгийн нэг сарын төлбөр 350,000-1,700,000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа бөгөөд дундаж төлбөр 450,000-550,000 төгрөг байна. Ингэхээр та хүүхдээ хэдэн настайгаас эхлэн ямар төлбөртэй цэцэрлэгт өгөхөөс хамаарч цэцэрлэгийн зардалыг тооцох боломжтой.


Ерөнхий боловсролын сургууль

Хүүхэд өсгөх бодит зардлын талаар ярилцацгаая (фото 4)

Энэ оны байдлаар Монгол улсын хэмжээнд 859 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж буйгаас 688 нь төрийн өмчийн, 171 нь хувийн өмчийн сургууль. Хувийн өмчийн сургуулийн төлбөрийн хувьд нэг жилийн 4,000,000-140,000,000 төгрөг хүртэлх үнэтэй байгаа бол дундаж төлбөр 6,000,000-10,000,000 төгрөг байна. Гэвч хувийн хэвшлийн сургуулийн төлбөр жил бүр тодорхой хэмжээгээр нэмэгдэж байдгийг санах нь зүйтэй.


Их, дээд сургууль

Хүүхэд өсгөх бодит зардлын талаар ярилцацгаая (фото 5)

Хүүхэд хэдэн настай байхаас үл хамаарч боловсролын хуримтлалыг бий болгох нь эцэг эхийн үүрэг. Яг одоогоор манай улсад 69 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж байгаагийн 16 нь төрийн өмчийн, 50 нь хувийн өмчийн, гурав нь олон нийтийн/шашны өмчийн сургалтын байгууллага байна. Харин сургалтын төлбөрийн хувьд элсэн орох анги болоод курсээс хамаарч кредитийн үнэлгээ өөр байх бөгөөд нэг жилийн 1,500,000-7,000,000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.


Улсаас олгодог эх, хүүхдийн тэтгэмжүүд

Хүн амаа өсгөх бодлогын хүрээнд улсаас эх болон хүүхдэд олгодог тэтгэмжүүдтэй танилцья

Жирэмсэн эхийн тэтгэмж: Жирэмсний таван сартайгаас эхлэн төрөх хүртэл сар бүр 40,000₮

Хүүхдийн мөнгөн тэтгэмж: 0-18 нас хүртэл сар бүр 100,000₮

Цалинтай ээж: 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж сар бүр 50,000₮

Эхийн алдар нэгдүгээр зэргийн одон: Жилд нэг удаа 200,000₮

Эхийн алдар хоёрдугаар зэргийн одон: Жилд нэг удаа 100,000₮

Дөрөв хүртэлх насны хоёр ихэр хүүхэд төрүүлж эсэн мэнд өсгөж байгаа өрх, иргэнд: Нэг удаа 2,000,000 төгрөг, хүүхэд тус бүр

Дөрөв хүртэлх насны гурав ба түүнээс дээш ихэр хүүхэд төрүүлж эсэн мэнд өсгөж байгаа өрх, иргэнд: Нэг удаа 9,000,000 төгрөг, хүүхэд тус бүр


Дүгнэлт

Хэдийгээр айл гэр бүлийн орлогын түвшин, хүүхдээ өсгөх арга барил, сургууль, цэцэрлэгийн сонголт, хэрэглээний зардал өөр хэдий ч Монгол улсад нэг хүүхдийг их сургууль төгстөл өсгөх дундаж зардлыг 200,000,000-300,000,000 төгрөг хэмээн тооцоолж болох бөгөөд үүнээс бага эсвэл их байх бүрэн боломжтой гэдгийг сануулах илүүц биз ээ. Мэдээж улсын эмнэлэг, сургууль, цэцэрлэг бүгд үнэ төлбөргүй нь хүүхэд өсгөх зардлыг багасгахад тус болох ч гэлээ ямар ч үед энэ бол бага зардалтай, амар ажил биш гэдгийг ойлгож, хариуцлагатай хандахыг уриалж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.97.14.84)