Калифорнид роботууд “ашигтай” түймэр тавих ажилд дайчлагдах болжээ

 

“BurnBot” нь ой хээрийн түймрээс сэргийлэх, түймрийг илрүүлэх болон унтраахад чиглэсэн шинэ мөртөө хурдацтай хөгжиж буй салбарын нэгээхэн хэсэг юм.

Коди Чивертон сүүлийн 10 жилийн турш түймэр тавих ажил хийжээ. АНУ-ын Ойн албанд гал сөнөөгч байсан тэрбээр АНУ-ын баруун нутагт олон арван удаа төлөвлөгөөт түймэр тавих ажилд гар бие оролцсон аж. Тус албаны ойн түймрээс урьдчилан сэргийлэх багийнхан бамбар ашиглан хуурай өвсөнд гал тавин орхих замаар ажлаа хийдэг байв. 

Харин зургаадугаар сард Коди Чивертон ямар ч галын дөл, утаа майгүйгээр төлөвлөгөөт түймрээ тавьжээ. Алсын удирдлагатай трактороор чирүүлсэн танк хэлбэртэй робот түүний оронд ажлыг нь гүйцэтгэсэн байна. Калифорни мужийн Пало-Алто хотын ойролцоох алхалтын жим дагуу алгуур урагшлах тус робот замдаа таарсан бут сөөг, хуурай өвс, хатсан навчсын дээгүүр өнгөрөхдөө ардаа зөвхөн үнс нурам үлдээж байлаа.

“Догь төхөөрөмж шүү” хэмээн 31 настай Коди Чивертон магтаж байв. Тэрбээр энэ онд Сан Франциско хотод төвтэй “BurnBot” хэмээх стартап компанид оржээ. Тэрхүү  стартап зохион бүтээсэн роботоо худалдаалдаггүй бөгөөд одоогоор хоёр робот бүтээгээд байгаа аж. Харин роботоо ойн менежментийн компани, газар эзэмшигчид, мөн ус, цахилгаан, дулааны компаниудад захиалгаар түрээсэлдэг байна. Ингэхдээ орон нутгийн хэрэглэгчдэд акр газар  тутмыг 1000 ам.доллароор үнэлэн түрээсэлдэг аж.

Төлөвлөгөөт түймэр буюу зориудаар хяналттай түймэр тавих ажиллагаа нь галын эсрэг галаар тэмцэх арга юм. Энэхүү аргыг Америкийн уугуул иргэд ой хээрийн түймрийн эрсдэлээс сэргийлж эртнээс хэрэглэсээр иржээ. Ойн бүсэд хэт ургасан өвс ногоог шатаан цэвэрлэснээр түймрийн тархах хурдыг сааруулдаг байна. Гэвч энэ нь хүн хүч ихээр шаарддаг ажил юм.

 

Харин “BurnBot” зургаадугаар сард америк хөлбөмбөгийн талбайн хэртэй газрыг шатаахдаа таван гишүүнтэй багийг л дайчилсан байна. Хэрэв роботгүй бол уг талбайд 10 хүн ажиллахаар байсныг Коди Чивертон өгүүлж байлаа. “Энэ бол газар нутгийг илүүдэл өвснөөс нь цэвэрлэж, ой хээрийн түймрийн хохирлыг бууруулж, илүү тэсвэртэй болгох  шинэ арга юм” хэмээв. 

Түймрийн менежментийг дэлхий даяар сайжруулах шаардлагатай байгаа. Грек, Турк, Канад улсад энэ зун удаа дараалан ойн түймэр гарсан бол Калифорни муж мөн түүхэнд үлдэхээр том газар нутгийг хамарсан түймэртэй тэмцсэн юм.

АНУ-ын Гал түймэртэй тэмцэх агентлаг хоорондын үндэсний төв энэ онд тус улсын баруун бүсэд “үнэмлэхүй түвшний” түймэр дэгдэж буй анхааруулгыг наймдугаар сарын нэгэнд гаргажээ. Сүүлийн таван жилийн хугацаанд ой хээрийн түймэр АНУ-д жил бүр дунджаар 31 мянган км.кв  хэмжээтэй газар нутгийг сүйтгэсэн гэсэн судалгаа гарсан нь хорин жилийн өмнөхтэй харьцуулахад 52 хувиар өссөн үзүүлэлт болжээ. 

Нөгөөтэйгөөр ойн түймрийг олон арван жилийн турш хүчээр унтраасаар ирсэн нь хэт ургасан ойг сийрэгжүүлэх байгалийн өөрийн зохицуулалт алдагдахад хүргэж, цаашид дэгдэх түймрийн хамрах хүрээ улам нэмэгдсэн байна. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн түймрийн тархалт улам газар авах болж, давтамж нь ч ихэсжээ. 

Ой хээрийн түймрийн давтамж өсөж, хамрах хүрээ нь тэлэх тусам олон хот суурин газар, дэд бүтцүүд эрсдэлд орж байна. Мөн мод шатсанаар агаар мандалд дэгдэж буй нүүрсхүчлийн давхар ислийн хэмжээ ч нэмэгдэнэ. Тухайлбал: зөвхөн өнгөрсөн онд Канадад дэгдсэн ой хээрийн түймрээс ялгарсан CO2-ийн хэмжээ бүхэл бүтэн Мексик улсын ялгаруулдаг хэмжээнээс давжээ.

Түүнчлэн түймэр гал сөнөөгчдийн ачааллыг асар нэмэгдүүлэх нь дамжиггүй. Салбар ажиллах хүчний хомсдолтой байгааг ч хэлэх үү. Ганц Калифорни мужид гэхэд л 2020 оноос хойш 1000 орчим гал сөнөөгч ажлаасаа гарчээ. 

“Арга хэмжээ авах шаардлагатай талбайн хэмжээ ба одоо байгаа хүний нөөцийн хүчин чадал хоорондоо асар их зөрүүтэй байна  хэмээн “BurnBot”-ийн Гүйцэтгэх захирал Анукул Лакхина өгүүлж байлаа. Тэрбээр компаниа Валид Хаддадтай хамтран 2022 онд үүсгэн байгуулжээ. 

“BurnBot” нь ой хээрийн түймрээс сэргийлэх, түймрийг илрүүлэх болон унтраахад чиглэсэн шинэ мөртөө хурдацтай хөгжиж буй салбарын нэгээхэн хэсэг юм. Сан Францискод төвтэй “Pano AI” компани хиймэл оюуны программтай камераар түймрийг эрт илрүүлж байгаа бол “Alameda”, Калифорнид төвтэй “Rain” компаниуд агаараас гал унтраах  хүнгүй нисдэг тэрэг, мөн Францын “Shark Robotics” тэргүүн эгнээнд ажиллах гал сөнөөгч роботуудыг бүтээж байна.

“BurnBot”-ийн нэрийн хуудас болсон робот төхөөрөмж нь төлөвлөгөөт түймрийг илүү хялбар бөгөөд аюулгүй гүйцэтгэх зорилготой аж. Хүний хүч, оролцоог бууруулж буй тэрхүү роботын зөвхөн тусгай нээлхийтэй хэсэгт л шаталт явагддаг. Пропан хийн бамбар болон үлээгчээс гарах галын температур нь цельсийн 1000 хэмд ч хүрдэг байна. Харин асах хүчтэй сэнсээр дээш чиглэлтэй агаарын урсгалыг бий болгосноор гал, үсрэх очийг  тогтоон барьж, гадагш алдагдахаас сэргийлдэг аж.

Гэхдээ нэг асуудал бий. Өвс ногоог галаар хуйхлах нь хуурай цаг улиралд хялбар. Гэвч гал хяналтаас гарах эрсдэлтэй тул гал сөнөөх албанаас үүнийг байнга хориглодог. 2022 онд төлөвлөгөөт түймрээс хоёр удаа гал алдагдаж, Нью-Мексик мужийн түүхэнд хамгийн өргөн талбайг хамарсан хээрийн түймэр дэгдэж байжээ. 

 

“BurnBot” компанийн шатаалтын процессоос бараг  утаа ялгардаггүй. Халуун агаарыг концентрац ихтэй хүчилтөрөгчийн урсгалтай нэгтгэснээр утааг үүсгэдэг нарийн ширхэгт материйг устгадаг аж. Анукул Лакхина энэхүү процессыг “утааг шатаах” хэмээн тодорхойлж байв.

Тус стартапын технологи Калифорнийн тэргүүлэх ус, дулаан, цахилгааны компани “Pacific Gas and Electric Company”-ийн сонирхлыг хэдийн татжээ. Утаа гарч л байвал түймэр дэгдэх эрсдэлтэй тул компани 30 мянган км үргэлжилсэн цахилгаан шугам сүлжээнийхээ ойролцоо төлөвлөгөөт түймэр тавихаас татгалзсаар иржээ. Харин өнгөрсөн онд “BurnBot”-ийн технологийг туршиж үзсэн аж.  “Pacific Gas and Electric Company”-ийн төлөвлөгөөт түймэр тавих үйл ажиллагаанд шинэлэг шийдлүүд эрэлхийлдэг шинжээч Кевин Жонсон “утаа ерөөсөө үзэгдэж, үнэртээгүй” хэмээн хэлж байв. 

Хэдийгээр энэхүү робот “BurnBot” компанийн анхны өөрсдийн бүтээсэн, галын бүрэн хяналттай робот ч гэлээ компани мөн хээрийн түймрийн эрсдэлийг бууруулах хэд хэдэн автомат төхөөрөмж санал болгож байна. Төлөвлөгөөт түймэр тавих газар нутагт үнэлгээ хийхдээ компани мөн дрон, лазерын зураглал ашигладаг аж. Мөн унасан мод, бут сөөгийг жижиглэн бутлах хэдэн арван төхөөрөмж бий. “BurnBot” багц үйлчилгээгээрээ 2000 акр талбайг цэвэрлэжээ. 

Өдгөө 25 сая ам.долларын санхүүжилт босгож, Калифорни, Орегон, Невада мужуудад үйл ажиллагаа явуулж буй “BurnBot” ирэх сард Австралид үйлчилгээгээ эхлүүлэх аж. Ирэх онд нэмж АНУ-ын зургаан муж болон Канад руу үйлчилгээгээ тэлж, 2035 он гэхэд жилдээ нэг сая акр талбайд үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөснөө Анукул Лакхина  ярьж байв.

Одоогоор компанид шийдвэрлэх хэд хэдэн техникийн асуудал бий. Роботууд хайрга чулуутай газар донсолгоотой явдаг хэвээр байгаа. Өнгөрсөн оны нэг төлөвлөгөөт түймрийн үеэр робот нойтон өвсний бухалд орооцолдож, улмаар өндөр хэмийн халуунд зарим эд ангиа хайлуулжээ. 

Нөгөөтэйгөөр албаны хүмүүсийг ятгаж, итгэл үнэмшлийг нь төрүүлэх сорилт байна. Ажлын арга барил, хэв маяг нь барагтаа л өөрчлөгдөөгүй тухайн салбарт шинэ санаачилга нэвтрүүлэх маш хэцүү гэдгийг Анукул Лакхина хэлсэн юм. 

Дотоодын удирдах албан тушаалтнууддаа хүрэхийн тулд “BurnBot” ахмад гал сөнөөгчид,  Коди Чивертон шиг ойн мэргэжилтнүүдийг ажилд авчээ. Эдгээр хүмүүс багийн нэг гишүүн төдийгүй хээрийн түймэр хянах технологийг хөхиүлэн дэмжигчид болдог байна. 

АНУ-ын гал түймрийн менежментэд хэдэн тэрбум ам.доллар төсөвлөсөн Инфляцыг бууруулах тухай хуулиар гал түймрээс сэргийлэх шинэ шийдлүүдэд ихээхэн анхаарал хандуулсныг Анукул Лакхина хэлж байлаа. Хэт өндөр ачаалалтай ажилладаг гал сөнөөгчдийг ч анхааралдаа авчээ. 

“Салхины чиг  өөрчлөгдөж байна. Гал түймрээс сэргийлэх технологи анхаарлын төвд орж ирж байна” хэмээн Анукул Лакхина онцолж байв.

Эх сурвалж: Philip Pacheco/Bloomberg

Сэтгэгдэл:
Таны IP: (44.220.184.63)