ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав

 Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзан Орос, Монгол хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд төмөр зам, агаарын тээвэр, авто тээвэр, далайн тээврийн салбар дахь өргөн хүрээтэй хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Оросын талаас ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиков, ЭСЯ-ны Зөвлөх Т.Б.Данзанов, I нарийн бичгийн дарга С.С.Безруков, ОХУ-ын Монгол Улс дахь худалдааны төлөөлөгч М.В.Васильев нар уулзав.

Уулзалтын эхэнд сайд Монгол, Орос хоёр улс нь уламжлалт найрамдалт, сайн хөршийн харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх хүрээнд хоёр улсын хооронд бүх салбарт харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж, зам тээврийн салбарт олон ажил үргэлжилж, эрчимжиж байгаад талархал илэрхийлэв.

Мөн зам тээврийн салбарын асуудлаар өмнө нь Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс (ЗГХК)-ын Оросын хэсгийн дарга А.А.Козловтой уулзаж, зарим асуудлыг хоёр талдаа харилцан зөвшилцөж, шийдвэрлэсэн гэдгийг хэлж байлаа.

Энэ удаа ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой зам, тээврийн салбарт хамтран ажиллах боломжтой чиглэлүүд, мөн зорчигч тээврийн салбарт тулгамдаж буй асуудал, тэр дундаа төмөр замын салбарт хос төмөр зам тавих, төмөр замыг шинэчлэн сайжруулах боломж нөхцлүүдийн талаар санал солилцсон юм.  

Ингэхдээ хоёр улсын Засгийн газраар хэлэлцээд төмөр замын салбарт оруулах хөрөнгө оруулалтын асуудлыг хамтран шийдэж чадвал бид хамтын хүчээр төмөр замаа сайжруулах боломжтой гэдгийг онцлон тэмдэглэлээ.  Тухайлбал, Монгол-Орос хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “УБТЗ” нийгэмлэгийн дүрмийн санг талууд тус бүр 83,7 тэрбум төгрөгөөр төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд саяхан хувь нийлүүлэгч Оросын талаас таван ширхэг илчит тэргийг хүлээлгэн өгч “Улаанбаатар төмөр зам” ХНН-т  нийт 167,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн гэв.  

Мөн Монголын төмөр замын салбар өнөөдөр 75 жилийнхээ ойтой золгож буй. Иймд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн төмөр замыг шинэчилж сайжруулсан чиглэлээр хоёр хөрш улстайгаа хамтран ажиллах хувилбараар, илүү сайжруулж шинэчилсэн хувилбараар төмөр зам  тавих нь ашиглалтын хувьд ч улс эх оронд ашигтай, хэмнэлттэй байх болно гэдгийг хэллээ.

Нөгөөтэйгүүр, Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр эдийн засгийн коридор (ЭЗК) байгуулах хөтөлбөр хэрэгжиж буй. Энэ хүрээнд 33 төсөл хэрэгжүүлнэ. Үүнээс зам тээврийн салбарт 13 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ ажлын хүрээнд манай улс хоёр хөрш оронтойгоо хамтраад хос төмөр зам тавих ажлыг хийж, транзит ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлж, харилцан ашигтай байдлаар хамтран ажиллах боломжтой.  Улс эх орны бүтээн байгуулалтын төлөөх ажилд бид нээлттэй хандах болно гэдгийг онцлон тэмдэглэв.   

 Уулзалтын үеэр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиков хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд харилцан ашигтай байдлаар агаарын тээвэрт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Энэ хүрээнд хоёр улсын хооронд зорчигч тээвэр болон ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр агаарын тээврийн үйлчилгээнд Москва-Улаанбаатар шууд нислэгийг сэргээх талаар ярилцав.

Уулзалтын төгсгөлд Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковт хандан хоёр улсын эдийн засаг, худалдаа, тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаад талархал илэрхийлэв.

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (44.220.184.63)