Украины Киев мужийн Буча хотноо "дэглэсэн жүжиг"-ийн тухай М.В.Захарова тайлбар хийв

Украины Буча хотноо тавигдсан жүжгийн хоёр жилийн ойтой холбогдуулан ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч М.В.Захарова дараах тайлбар мэдээллийг хийлээ.  (https://mid.ru/ru/foreign_policy/news/1942147/)

Дөрөвдүгээр сарын 3-нд Зеленский болон түүний барууны зааварлагчдын тогтоосон дэглэм Украины Киев мужийн Буча хотноо Оросын цэргийн албан хаагчид орон нутгийн оршин суугчдыг үй олноор нь хөнөөсөн мэт цуст жүжгийг (https://t.me/MID_Russia/19479) дэглэсний хоёр жилийн «ой» боллоо. Уг жүжиг нь «болхи» болсон.

Гэвч барууны улстөрчид болон хэвлэл мэдээллийнхэн дээрээс ирсэн нэг чиг баримжааг дагаж, мэдээллийг давхар шалгах, үнэн зөвийг баримтаар тогтоохыг оролдолгүйгээр энэхүү худал ташаа мэдээллийг яаравчлан тараасан.

Энэхүү өдөөн хатгалга нь захиалгатай, зохион байгуулалттай гэдэг нь анхнаасаа илт байсан. Оросын тал нэг бус удаа дэлгэрэнгүй няцаалт өгч байсан ч өмнөх үгсээ энд дахин давтъя. ОХУ-ын Зэвсэгт хүчин 2022 оны 3-р сарын 30-ныг хүртэл Буча хотод байрлаж байсан ба энэ хугацаанд хотын оршин суугчид гудамжаар чөлөөтэй зорчиж, үүрэн холбоо, интернет ашиглаж байсан.

Энэ хугацаанд Оросын цэргийнхний үйл ажиллагааны талаар ямар нэгэн гомдол гараагүй бөгөөд үүнийг манай цэргүүдийн анги нэгтгэлүүд явсны маргааш нь Буча хотын дарга А.Федорук олон нийтийн өмнө батлан хэлж байсан.

Тэр ч байтугай энэ хугацаанд Оросын цэргийн албан хаагчид Киев мужийн суурин газруудад 452 тонн хүмүүнлэгийн тусламжийг хүргэж, нутгийн иргэдэд тараасан.

Украины зэвсэгт бүлэглэлүүд болон тэднийг дагалдан явсан гадаадын сэтгүүлчдийг тус хот руу орж ирсний дараа л хотын эргэн тойронд цогцос тавьсан анхны дүрс бичлэг гарчээ. Криминологич, шүүх эмнэлгийн шинжээчид бус, харин олон нийтэд зохиомол түүхийг ярьж, илүү дутуу юм асуухгүй байх үүрэг бүхий алагчилсан хэвлэл мэдээллийнхэн л Буча хотод орж ирснийг онцлон тэмдэглэе.

2022 оны 4-р сарын 24-нд Британийн “The Guardian” сонинд нийтлэгдсэн Буча хотоос олдсон цогцсуудын шүүх эмнэлгийн шинжилгээний эхний дүнгээс харахад энгийн ард иргэдийн ихэнх нь Украины Зэвсэгт хүчинд байгаа Д-30 гаубицад тохирох явган цэргийг эсэргүүцэх 122 мм-ийн сумны хэлтэрхийнүүдэд өртсөний улмаас амь насаа алдсан байсан.

Энэхүү дүгнэлт нь Буча хотын оршин суугчид Оросын цэргийн албан хаагчдыг буруутгаж байгаачлан тэдний галт зэвсгийн суманд өртсөний улмаас бус, харин Украины арми тус хотыг их буугаар галласны улмаас амиа алдсаныг баталж байна.

Буча дахь суртал ухуулгын кампанит ажил нь Киев, Чернигов мужаас цэргээ татах бидний сайн санааны үйлийн хариу болсон юм. Энэхүү үйлийг бид 2022 оны гуравдугаар сарын 28-нд Станбул хотноо болсон Орос-Украины хэлэлцээнд ахиц гарсантай холбогдуулан хийсэн билээ.

Суртал ухуулгын кампанит ажлын зорилго нь тодорхой байсан: Лондоноос өгсөн тушаалын дагуу талуудын яриа хэлэлцээг тасалдуулж, Оросын эсрэг урьдчилан бэлтгэсэн байсан Барууны багц хориг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхлүүлэхэд оршиж байсан.

Үүний дараагаар Киев өөрийн гэмт хэргээс болон үйлдсэн өдөөн хатгалгад нь оршиж байсан эргэлзээтэй, зөрүүтэй олон зүйлсээс дэлхийн хамтын нийгэмлэгийн анхаарлыг сарниулахын тулд, мөн Барууны орнуудын олон нийтийн үзэл санаанд Оросын цэргүүд тус хотын оршин суугчдыг алсан гэх худал хувилбарыг суулгаж, хадгалах зорилгоор “Бучагийн хохирогчдын” ясан дээр нэг бус арга хэмжээ зохион байгуулсан. Киевийн албаныхан энэ жил энэ өдрийг сүр дуулиантайгаар тэмдэглэх гэж оролдсон нь олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарал Украины дотоодын хүнд нөхцөл байдал болон фронтын шугамд хандахаас урьдчилан сэргийлэх гэсэн нэмэлт зорилготой байв.

Үйл явдлын бүх нөхцөл байдлыг тогтоох, Буча хотын гудамжинд цогцос нь байсан хүмүүсийн нэрсийн үнэн зөв жагсаалт болон бусад мэдээллийг гаргаж өгөх тухай Оросын талаас НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерриш, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Ф.Турк зэрэг олон улсын байгууллагуудад гаргасан хүсэлтүүд одоог хүртэл хариултгүй хэвээр байна.

Үүнээс үзэхэд энэ аймшигт жүжгийг зохион байгуулсан этгээдүүдэд нууж хаах зүйл их байна.

Бид олон улсын байгууллагуудаас Киевийн дэглэмийг өмөөрч халхавчлахаа больж, мөрдөн шалгах ажиллагааг нухацтай явуулахыг дахин дахин шаардсаар байх болно. Ингэсний үр дүнд хохирогчдын бодит нэрс, тэдний нас барсан цаг хугацаа болон шалтгаан, цогцсуудыг шилжүүлсэн ул мөр, мөн энэ аймшигт гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдийг илчлэх болно.

Эх сурвалж: ОХУ-ын Элчин Сайдын Яам.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)