Кремль: Барууны орнууд Украинд цэргээ илгээвэл Дэлхийн III дайн зайлшгүй болно

Хэрэв барууны орнууд Украинд цэргээ илгээвэл Дэлхийн III дайн зайлшгүй болно гэж Кремль анхааруулсан талаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хоёрдугаар сарын 27-нд мэдэгдэв.

Тэрээр "Барууны цэргийг Украин руу илгээвэл энэ нь магадлалын тухай биш, харин гарцаагүй байдлын тухай байх болно" гэжээ. Хоёрдугаар  сарын 27-нд Парист болсон ЕХ-ны Украины асуудлаарх дээд хэмжээний уулзалтын үеэр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны “Энэ талаар  нэгдсэн зөвшилцөлд хүрээгүй байгаа ч барууны цэргийг илгээхийг үгүйсгэхгүй” хэмээсэн.

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мөргөлдөөн эхэлснээс хойш НАТО-гийн анхны зорилго бол Дэлхийн III дайнаас урьдчилан сэргийлэх явдал байсан бөгөөд Украины дайнд шууд оролцохгүй гэж мэдэгдээд, дайн Баруун Европыг хамарч болзошгүй хэмээсэн байна.

Столтенберг хоёрдугаар  сарын 10-нд Германы “Welt Am Sonntag” сонинд өгсөн ярилцлагадаа барууны орнууд Оростой олон жил үргэлжлэх сөргөлдөөнд бэлэн байх ёстойг анхааруулсан.

Цэргээ илгээж магадгүй гэсэн Макроны мэдэгдлийг  Герман шууд няцаасан байна. Дэд Канцлер Роберт Хабек Украинд хуурай замын цэрэг илгээх ямар ч боломж байхгүй гэж мэдэгдээд, үүний оронд Парисыг  Киевт илүү их зэвсэг нийлүүлэхийг санал болгожээ.

Мөн Польшийн Ерөнхий сайд Дональд Тус хоёрдугаар сарын 27-нд Парист болсон хэвлэлийн бага хурал дээр Польш улс Украин руу цэргээ оруулах бодолгүй байна гэж мэдэгдээд “Польш улс Украины нутаг дэвсгэрт цэргээ оруулах бодолгүй байна. Энэ байр суурийг өөрчлөх нөхцөл байдал үүсэхгүй байх” хэмээжээ.

Европт үймээн нэмэгдэж байна

Елисей ордонд болсон уулзалтад Германы канцлер Олаф Шольц, Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда болон Европын холбооны бусад 20 орчим орны Ерөнхий сайд нар оролцов. Үүнээс гадна АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Европ, Евразийн асуудал эрхэлсэн туслах Жеймс О'Брайен, Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Камерон нар хүрэлцэн ирсэн байна.

“ABC News” агентлаг Украинд нэмэлт тусламж үзүүлэхгүй бол  зэвсгийн хомсдолд орж, долоо хоногийн дотор агаарын довтолгооноос хамгаалах систем нь сүйрнэ гэжээ. Гэсэн хэдий ч Украинд барууны алсын тусгалтай пуужинг өгөх эсэх талаар НАТО-гийн хүрээнд ихээхэн санал зөрөлдөөн байсаар байна. Украины хангамжийн асуудлыг далимдуулан Оросын арми энэ оны хавар эсвэл зуны эхээр шинэ довтолгоо хийхээр бэлтгэж байна гэсэн мэдээллүүд Европт нэмэгдэж байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хоёрдугаар сарын 24-нд болсон дайны хоёр жилийн ойд зориулсан бага хурал дээр Украин сүүлийн хоёр жилд 31 мянган цэргээ алдсан хэмээсэн. ОХУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгу мөн өдөр Зеленскийн тооцоог үгүйсгэж, Украины арми “тусгай цэргийн ажиллагаа” эхэлснээс хойш Оросын тооцоогоор 444 мянга гаруй цэргээ алдсан бөгөөд 2024 оны эхнээс хойш өдөрт 800 гаруй цэргээ алдаж байна гэжээ.  Саяхан явуулсан санал асуулгаар Украины иргэдийн 44 хувь нь барууныхан Украины мөргөлдөөнөөс залхсан гэж үзэж байна. АНУ-ын тусламж Бүгд найрамдахчуудын саад бэрхшээл эсэргүүцэлтэй тулгарсаар байвал Украин улс өөрийн нөөц бололцоогоо ашиглан өөрийгөө зэвсгээр хангана.

Киев энэ жилээс жилд нэг сая нисгэгчгүй онгоц үйлдвэрлэхээр төлөвлөж байна гэж тус улсын Дижитал өөрчлөлтийн сайд Михайло Федоров хоёрдугаар сарын 25-нд болсон "Украины жил 2024" форум дээр хэлсэн үгэндээ мэдэгдэв. Украины байлдааны талбарт ашиглаж буй дронуудын 90 орчим хувь нь Украины үйлдвэр юм. Энэ оны эхээр Украинд зэвсгийн үйлдвэр барих Германы цэргийн зэвсэг үйлдвэрлэгч аварга “Rheinmetall”-тай хамтарсан үйлдвэр байгуулах зэрэг анхны гэрээ хэлэлцээрүүд аль хэдийн хийгдсэн байна.

Эх сурвалж: Intellinews

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)