ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ба Путины өрсөлдөгчид

    ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2024 оны 3 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд болно. Зарим ажиглагч энэ сонгуулийг “ялагч нь тодорхой” гэж тодорхойлж байна. Учир нь энэ удаагийн сонгуульд өнөөгийн Ерөнхийлөгч Владимир Путин нэр дэвшихээр болсон юм.

2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болсон өнөөгийн Ерөнхийлөгч Владимир Путиныг хэвлэлүүд “гол нэр дэвшигч” хэмээн нэрлэж байгаа юм. Өмнө нь үйлчилж байсан хуулиар Путин дахин сонгогдох боломжгүй болоод байсан үед 2021 онд олон нийтийн санал асуулга явуулж, ОХУ-ын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Путин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой болсон. Тодруулбал, 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өөрийгөө дахин хоёр удаа сонгогдох хуульд гарын үсэг зурсан юм. Энэ хуулийг  Путин санал болгож, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу баталж байв.

    Үүнээс өмнө, "ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай" Холбооны хуулийн 19-д зааснаар хоёр удаа улиран сонгогдсон эсвэл сонгууль товлох тухай албан ёсны шийдвэр нийтлэгдсэн өдөр хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байгаа Оросын иргэн дахин ерөнхийлөгчөөр сонгогдох эрхгүй гэж заасан байлаа.

Харин олон нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу эдгээр өөрчлөлтийг “хүчин төгөлдөр болох үед төрийн тэргүүний алба хашиж буй хүний Ерөнхийлөгчөөр ажилласан хугацааг тооцохгүй” гэж хуульд тусгасан байна.

    Владимир Путин 2000, 2004, 2012 болон 2018 онд Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан. Харин ийнхүү Үндсэн хуульд өөрчлөлт орсноор тэр бээр 2024 болон 2030 онд дахин нэр дэвших эрхтэй болжээ.

2008-2012 онд Дмитрий Медведев Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед Путин Ерөнхийлөгчийн сонгогдон ажиллах хугацаа дөрөв байсныг зургаа болгох санал оруулж, ингээд энэ санал нь ч батлагдсан юм. Харин энэ өөрчлөлт Медведевт хамааралгүй, учир нь тэр бээр 2012 онд Ерөнхийлөгчийн албанаас буусан. Владимир Путин энэ удаагийн сонгуульд бие даан нэр дэвшигч гэсэн статустайгаар оролцохоор болоод байна. Түүний хувьд энэ нь Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байгаа тав дахь тохиолдол. Өмнө нь 2000, 2004, 2012, 2018 онд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож, ялалт байгуулж байв.

    ОХУ-ын Сонгуулийн төв комисс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг  1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч дууссан. Бичиг баримт хүлээн авах сүүлийн өдрийн дүнгээр Леонид Слуцкий, Владислав Даванков, Николай Харитонов, Владимир Путин  нарын дөрвөн нэр дэвшигчийг албан ёсоор бүртгэжээ.

    ЛЕОНИД СЛУЦКИЙ. Тэр бээр Оросын либерал, демократ намыг төлөөлөн сонгуульд оролцоно. Энэ намын дарга Владимир Жириновский таалал төгссөн 2022 оноос хойш Слуцкий намын дарга болсон. Слуцкий анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох гэж байна. 2000 оноос хойш Төрийн думын гишүүнээр сонгогдон одоо Төрийн думын олон улсын харилцааны хорооны даргын албан тушаал хашиж байгаа юм.

    НИКОЛАЙ ХАРИТОНОВ. Тэр бээр ОХУ-ын Коммунист намыг төлөөлнө. Харитонов 1994 оноос хойш Төрийн думын гишүүнээр удаа дараа сонгогдсон, одоо Думын Бүс нутгийн бодлого, Хойд нутаг болон Алс дорнодын асуудал эрхэлсэн хорооны даргаар ажиллаж байна. Өмнө нь 2004 онд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож, сонгогчдын 13,69 хувийн саналаар хоёрдугаарт бичигдэж байв. Энэ сонгуульд Владимир Путин ялалт байгуулсан юм.

    ВЛАДИСЛАВ ДАВАНКОВ. 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай өөр нэг намыг төлөөлж оролцох болсон хүн нь Даванков. 2020 онд байгуулагдсан “Шинэ хүмүүс” намын төлөөлөгчид 2021 онд Төрийн думд сонгогдож байсны нэг нь Владислав Даванков юм. Одоо тэр бээр Думын дэд дарга мөн төсөв, татварын хорооны гишүүнээр ажиллаж байна. 2021 он хүртэл Путины санаачилгаар байгуулагдсан төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байв.

    Парламентад суудалтай өөр хоёр нам болох “Нэгдсэн Орос” болон “Шударга Орос” намууд төлөөллөө нэр дэвшүүлээгүй. Тэд бие даан нэр дэвшигчээр бүртгүүлсэн Владимир Путиныг сонгуульд дэмжихээр болсон юм. Харин “Оросын бүх ард түмний холбоо” намын дарга Сергей Бабурин болон “Оросын эрх чөлөө, шударга ёс”-ны намаас нэр дэвшигч Андрей Богданов нар бүртгүүлэхээсээ өмнө нэрсээ татсан байна.

СӨРӨГ ХҮЧНИЙ ТӨЛӨӨЛӨЛ НАДЕЖДИН

    Нэр дэвшихээр горилсон хүмүүсийн дотроос Борис Надеждин хэвлэлүүдийн анхаарлыг ихээр татаж байлаа. Тэр бээр “Иргэний санаачилга” намаас нэр дэвшихээр болж, гарын үсэг цуглуулах ажил нь эхлэх үед Оросын төдийгүй хилийн чанадын хотуудад Надеждиныг дэмжихээр штабынх нь гадаа дугаарлан зогсож байгааг ВВС, Ройтерс зэрэг томоохон агентлагууд дамжуулж байв. Надеждины тухайд, 1999-2003 онд Төрийн думын гишүүн байсан. Одоо Москва мужийн Долгопрудный хотын тойргийн Депутатуудын зөвлөлийн гишүүн. Олон жилийн өмнө бусдын гарт амиа алдсан Борис Немцовын найз, Путиныг шүүмжлэгч, Украин дахь дайныг эсэргүүцэгч гэдгээрээ алдартай.

    Надеждин Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаа 2023 оны намраас эхлүүлсэн. Тэр бээр өөрийгөө өнөөгийн Ерөнхийлөгчийн бодлогыг эсэргүүцдэг хүн гэж үздэг хэмээн мэдэгдсэн цорын ганц нэр дэвшигч юм. Мөн олон сарын туршид нөхрүүдийг нь фронтоос буцаахыг шаардан эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулж буй, дайчлагдсан эрчүүдийн эхнэрүүдтэй 2024 оны 1 дүгээр сард уулзаж байв.

    Нэр дэвшүүлэхэд шаардлагатай дэмжигчдийн гарын үсгээс 15 хувь нь чанарын шаардлага хангаагүй гэж Оросын Сонгуулийн төв хороо үзэн түүнийг бүртгэхээс түдгэлзсэн юм. Улмаар 2 дугаар сарын 8-ны өдөр ОХУ-ын Сонгуулийн төв хороо хуралдаж, Борис Надеждиныг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ.

 

Эх сурвалж: Reuters, BBC, TASS, Regnum

Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Мөнхцэцэг

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)