Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ

Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/181 тоот захирамжаар Зайсан тойрууг нэг чигийн хөдөлгөөнтэй болгосон.

Ингэснээр Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүрний хойноос урагш чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 44, Наадамчдын зам, Яармагийн гүүрний баруунаас зүүн чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 37, Энхтайваны өргөн чөлөө, МУБИС-ийн баруун урд уулзварын зүүнээс баруун чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 28 хувиар нэмэгдсэнийг албаныхан тодотгодог. Түүнчлэн Туул голын гүүрний өргөтгөлийн барилгын ажил дуусаж, ашиглалтад орохын өмнөх болон дараах үеийг харьцуулан үзэхэд оргил ачааллын үед 120 мянгатын уулзварын нэвтрүүлэх чадвар 10.5 хувиар нэмэгджээ.

Харин 2024 оны гуравдугаар сарын 27-нд “Зайсан холбоо” байгууллагаас “Зайсан тойруугийн замын хөдөлгөөний зохион байгуулалтыг өөрчлөх тухай” А/0321 тоот албан бичгийг Замын хөдөлгөөний удирдлагын төвд хүргүүлжээ. Уг албан бичигт Зайсан тойрууг нэг чигийн урсгалтай болгосноор Хан-Уул дүүргийн 11, 22 дугаар хорооны 20 мянган байнгын оршин суугчийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх болон үйл ажиллагаа явуулдаг 1000 аж ахуй нэгжийн үйлчилгээнд хүндрэл учруулж байгаа тул иргэдийн эрх ашгийг хамгаалж, нэг чигийн хөдөлгөөнтэй болгосон шийдвэрийг цуцлахыг хүсчээ.

Тиймээс Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг хуучин хэвэнд нь оруулах эсэх асуудлаар олон нийтээс нээлттэй санал авч эхэлсэн байна. Иргэд https://vote.ulaanbaatar.mn/citizen/survey холбоосоор нэвтрэн санал өгөх боломжтой.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.97.14.84)