Баянхошуунд гарсан галын улмаас нэг алба хаагч амиа алдаж, хоёр алба хаагч эмнэлэгт хүргэгдлээ

Баянхошуу орчимд гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байсан хоёр алба хаагч угаартаж, эмнэлэгт хүргэгджээ.

Тодруулбал, ЧД-ийн долдугаар хороонд байрлах “Миний” дэлгүүр шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр 10:29 цагт ирсэн. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26, 29 дүгээр анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Аврах ангийн бүрэлдэхүүн гал түймрийг унтраахаар ажиллаж байгаа билээ. Гэвч галыг унтраах явцад хоёр алба хаагч угаартан, Цэргийн төв эмнэлэгт хүргэгджээ.

Одоогийн байдлаар галын голомтыг бүрэн унтраагаагүй бөгөөд аюулгүй байдлыг хангах үүднээс ойр орчмын тог цахилгааныг салгасан байгаа аж.

Түүнчлэн, эх сурвалжийн мэдээлж буйгаар анхны очсон дөрвөн хүний бүрэлдэхүүний гурав нь галын голомтоос гарч ирсэн хэмээгээд буй. Галын голомт бүрэн унтраагүй байгаа тул унтраасны дараа холбогдох албаныхан нэг албан хаагчийн талаар нэгдсэн мэдээллийг өгнө гэлээ.  

Нэмэлт:

Дээр дурдсанчлан нэг алба хаагч объектоос гарч ирээгүй. Тиймээс галыг бүрэн унтарсны дараагаар Онцгой байдлаас дараах тайлбар мэдээллийг өглөө.

-Гал түймрийг бүрэн унтрааж дууслаа. Түрүүнд орсон дөрвөн албан хаагчийн гурав нь гарч ирсэн. Нэг нь гарч ирээгүй байна гэдэг мэдээллийг өгсөн. Тэгвэл сая гурван давхарт нь галыг унтраах  явцдаа нэг бүрчлэн хайгуул хийлээ. Манай алба хаагч маань албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан байна.

Алба хаагчийн тухайд анхны дуудлагаар ирсэн Чингэлтэй дүүргийн онцгой байдлын 10 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч байсан. Мөн хоёр алба хаагч маань хөнгөн бэртээд эмнэлэг рүү явсан байгаа.

Одоогоор тус дэлгүүрт ажиллаж байсан ард иргэдээс ямар нэг байдлаар угаартсан, гэмтсэн, бэртсэн гэсэн зүйл байхгүй байна.

Объектын тухайд шатамхай бодис байсан. Ахуйн хэрэглээний газ нэлээд байсан. Гал унтраахад жаахан удаашралтай байсан шалтгаан нь энэхүү барилга гурван давхар бөгөөд давхар бүрдээ маш их шатах материалтай, галын ачаалалтай байлаа гэв.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)