Хакүхогийн дэвжээг хаах саналыг Сүмогийн холбоо хүлээж авчээ

зураг

Сүмогийн их аварга Хакүхо, түүний шавь Хокүсейхо нарын хэрэг тийм ч амар шийдэгдэхгүй бололтой. Бага цолтой бөхчүүдийг дээрэлхсэн нь батлагдсан Хокүсейхо сүмогийн ертөнцөөс арчигдаж зодог тайлсан бол Хакүхог хоёр зэрэг бууруулж, холбооны Гүйцэтгэх зөвлөлөөс гаргах шийдвэр гарсан билээ.

Ингээд ч зогсохгүй багшлах эрхээ алдаж энэ сарын тэмцээнд түүний шавь нарыг Тамагаки ояката удирдаж оролцох цаашлаад ирээдүйг нь Исэгахами галын багш нарт даалгасан юм.

Энэ галыг ёкозүна асан Асахифүжи, озэки асан Кайо нар тэргүүлж Котонишики, Кёкүтэнхо, Томонохана, Аминишики, Хомарэфүжи, Кайсэй, Ишиүра нар багтдаг. 

Тэгвэл уг галын багш нар хуралдаад Миягино дэвжээг хаах санал гаргасан билээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус галын саналыг Сүмогийн холбоо хүлээж авснаа зарлав. Энэ сарын тэмцээн өндөрлөсний дараа Миягино дэвжээний шавь нарыг аль дэвжээнд хуваарилахыг шийдэхээр болжээ.

Гэхдээ Хакүхогийн замнал ингээд дуусчихлаа гэж хэлэхэд эрт. Эх сурвалжийн мэдээлснээр багшлах эрх нь дахин сэргэх боломжтой аж. Гэхдээ ямар журмаар эрх нь сэргэхийг одоогоор мэдээлсэнгүй.

Хакүхогийн дэвжээний зарим бөхчүүдийг Кёкүтэнхо Н.Цэвэгнямын удирддаг Ошима дэвжээнд шилжүүлэх магадлалтайг "Hochi News" сонинд онцолжээ. 

Эх сурвалж: Japan Times

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)