Х.Сүхбаатар: Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд нэвтэрсэн малыг хашаалж журамлана

Б.ТУУЛ

Улаанбаатар хотын мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд ойролцоох аймаг, сумдаас адуу мал ихээр нэвтэрч байгаатай холбогдуулан малыг нь хашаалж журамлах шинэ зохицуулалт хэрэгжиж эхэлжээ. Энэ тухай Нийслэлийн Хүнс,  хөдөө аж ахуйн газрын Газар тариалан, мал аж ахуйн хэлтсийн дарга Х.Сүхбаатартай ярилцлаа. 

-Монгол орны нийт нутгаар хаваржилт хүндхэн байна. Хорогдсон малын тоо ч өндөр байна. Нийслэлийн есөн дүүрэгт малтай иргэд цөөнгүй бий. Хаваржилтын нөхцөл байдал хэр байна вэ? 

-Засгийн газраас баримталж буй бодлогын хүрээнд өвөлжилт хаваржилтын нөхцөл байдалтай биечлэн танилцахаар манай холбогдох албаны хүмүүс яваад эхэлсэн байгаа. Мөн Улсын онцгой коммис, Нийслэлийн шуурхай штабт манайхан бас ажиллаж байна. Бид энэ сарын 1-ний байдлаар мал бүхий иргэдтэйгээ холбогдсон. Нийслэл орчимд өвөлжилт хаваржилт хүндэрсэн, цас зуданд боогдсон, эрсдэлд орсон айл өрх одоогоор байхгүй байна. Налайх дүүрэгт дөрвөн айл цасанд боогдсон байсныг дүүргийн Шуурхай штаб ажиллаад, зам харгуйг нь гаргасан байна.

Мал хорогдолтын хувьд, өнгөрсөн пүрэв гаригийн байдлаар нийслэлийн нийт мал сүргийн 0.7 хувь нь хорогдсон гэсэн дүн мэдээтэй байна. Нийслэлийн ойролцоо эрчимжсэн мал аж ахуй эрхэлдэг, суурин малтай хүмүүс олон байдаг учраас  улсын дундажтай харьцуулахад малын хорогдол харьцангүй гайгүй байна.

-Цас зуд гэхээр бид гол төлөв хөдөө, холын аймгуудад хүндрэл үүсдэг байх гэж ойлгоод байдаг. Гэтэл нийслэлд мал бүхий иргэд олон бий. Ер нь  Улаанбаатарт хэдэн тоо толгой мал өвөлжиж, хаваржиж байгаа вэ?
-Нийслэлд 2023 оны жилийн эцсийн байдлаар 427.184 толгой мал тоологдсон. Энэ нь өмнөх оны мал тооллогоос 0.3 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Эдгээр малын тоо толгойг дүүрэг тус бүрээр нь харахад, Багануур дүүрэг хамгийн олон малтай буюу 169.438, Багахангай 28406, Баянзүрх 59295, Налайхт 44138, Сонгинохайрхан дүүрэгт 73824, Хан-Уул дүүрэгт 52083 тоо толгой мал хаваржиж байна. Бод, богоор нь ангилбал, үхэр дийлэнх буюу  86 923, адуу 78470, бусдыг нь хонь, ямаа эзэлдэг. 

-Нийслэлд мал бэлчих газар хомс. Мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүс хаагуур байгаа вэ? 


-Нийслэлд мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн зургаан дүүрэг бий. Тухайлбал, алсын гурван дүүрэг буюу Багануур, Багахангай, Налайх. Төвийн зургаан дүүргээс  Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргийн зарим хороодын нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн байдаг. 

-Сүүлийн өдрүүдэд нийслэлийн хориотой бүсэд ойролцоох аймаг сумдын мал их нэвтрэх болсон, үүнтэй зэрэгцээд малчдад торгууль ногдуулдаг болсон гэх юм. Энэ талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч? 
-Нийслэл Улаанбаатар хотод сууршлын бүс рүү мал их орж ирдэг болсон. КОВИД-ын өмнөх жил буюу 2019 онд Улаанбаатар хотод мал аж ахуй эрхлэхийг хориглосон хил хязгаарыг Нийслэлийн ИТХ-ын 29/06 тогтоолоор тогтоосон байдаг. Тэр хүрээнд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг, зуслангийн бүс буюу Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүрэгт бүхэлдээ мал аж ахуй эрхлэхийг хориглосон байдаг. Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 хороо зөвшөөрсөн бүс, Баянзүрх дүүргийн 11, 20 дугаар хороод мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн, бусад хороонд хориглосон бүс байдаг. Гэсэн ч нийслэл өөрөө мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийг НИТХ-аар тогтоож, түүнийгээ Хууль зүйн яам, Захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгүүлж чадахгүй байсан. Энэ талаарх хуулийн зохицуулалт байхгүй байсан. Харин саяхан буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 07-нд нийслэлд хэрэгжүүлэх дүрэм журамд өөрчлөлт орж,  аймаг нийслэлийн ИТХ дараах журмыг батална гэсний дагуу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35.2-ийн 2-т  “Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийн хил хязгаарыг тогтоох, хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарах зардлыг нөхөн төлүүлэх журам” батлагдсан. Энэ журам 2024 оны хоёрдугаар сарын 08-ны НИТХ-ийн ээлжит XXI хуралдааны 09 дүгээр тогтоолоор батлагдаад хэрэгжиж эхлээд байна. 

Уг журмын баталгаажилт нь Хууль зүйн яамнаас 2024 оны хоёрдугаар сарын 26-ны 1/889 дугаартай албан бичгээр нийслэлийн ИТХ-ын даргад ирсэн байна. Энэ журмыг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын хориглосон бүс рүү нэвтэрсэн малыг түр хашаалж, өмчлөгч хариуцагчдад хариуцлага тооцох зохицуулалтыг хийгээд, холбогдох арга хэмжээг аваад явах юм.

Энэ ажлыг хэрэгжүүлэхэд мэдээж бэлтгэл хэрэгтэй. Улаанбаатар хотын хориотой бүс рүү нэвтэрсэн малыг түр хашаалж хадгалахад Нийслэлийн Засаг даргын зүгээс хориглосон бүсийн зааг дээр малыг түр хашаалах захирамжийг гаргаж өгнө. Захирамжийн хэрэгжилтийг нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нар, нийслэлийн Мал эмнэлгийн газар, бусад байгууллагын оролцоотой хэрэгжүүлээд явах юм. 

-Хориглосон бүсүүдэд бод мал буюу адуу, үхэр их орж ирж байна гэсэн.  Аль аймаг сумдын мал их орж ирж байгаа вэ?

-Хамгийн хүндрэлтэй асуудал нь нийслэлийн хориотой бүсэд орж ирээд байгаа мал байнгын бус, Улаанбаатар хотыг тойрсон аймаг сумдаас орж ирээд байгаа юм. Тухайлбал, Төв аймгийн сумдаас өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан Улаанбаатар руу орж ирээд байгаа адуу мал их байна. Малчид хаа хаанаа хариуцлагатай байх ёстой.

Улаанбаатар хотын нийт хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, хот нийтийн аж ахуйн зам бүтээн байгуулалтын ажлуудыг эвдэж сүйтгэх, хохирол учруулах, зам тээврийн осол аваарт мал өртөх гэх мэт олон асуудлыг араасаа дагуулж байдаг. Нөгөөтэйгүүр малын хулгайд өртөх, малчид эд хөрөнгөөрөө хохирох зэрэг асуудал мөн гарч байна. Түүнчлэн иргэдийн эрүүл аюулгүй байдал, малаас хүнд халдах халдварт болон халдварт бус өвчин дамжаад ороод ирэх эрсдэл өндөр учраас хариуцлагыг чангатгах тухай бид зайлшгүй ярих ёстой. Өнөөдөр Улаанбаатар хотод  Монгол Улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь буюу ойролцоогоор  1.7 сая хүн оршин суудаг. Ийм олон хүний эрүүл аюулгүй байдлыг хамгаалахын тулд мал, хүн хоёр тусдаа амьдрах ёстой гэсэн зарчмыг ярих ёстой юм. Тиймээс малчид, мал бүхий иргэд үүнийг маш сайн ойлгож, үүрэг хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй. 

-Хориглосон бүсэд мал нэвтэрсэн тохиолдолд мал, малчин хоёрт торгуулийн арга хэмжээг хэрхэн тооцож авах вэ?

-Дээрх дүрэм журам хууль эрх зүйн хүрээнд баталгаажснаар Зөрчлийн тухай хуулийн  нэмэлт өөрчлөлтөөр Нийслэл Улаанбаатар хотод мөрдөх хууль дүрэм журмыг зөрчвөл гэсэн заалтын 6.30-ийн 3-т “Мал аж ахуй эрхлэх хориглосон бүсэд журам зөрчиж, малаа нэвтрүүлсэн бол хувь хүнийг 1000 нэгжтэй, аж ахуй нэгжийг 10 мянган нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гээд заачихсан байгаа. Энэ талаар дүүргүүдийн ажлын хэсгүүд иргэдэд мэдээлэл өгч ажиллаж байна. Сүүлийн үед Улаанбаатар хот руу долоо хоногт тогтмол 400-500 адуу орж ирж байгаа. Холбогдох ажлын хэсгүүд хуулийн дагуу торгох арга хэмжээ аваад эхэлсэн.

Ингэхдээ нэг торгоод өнгөрөх бус, зөрчил гаргах бүрт торгуулийн арга хэмжээ авахаар хуульд тусгасан байна.

Жишээ нь энэ сууршлын бүс рүү нэвтрээд байгаа адуу малыг буцаагаад цааш нь хөөх үед малынхаа хүзүүнд байршил илрүүлэгч GPS хүзүүвч суулгачихсан, машинтай, эмээл хазаараа машиндаа аччихсан хүмүүс давхиж ирдэг. Малыг нь хориотой бүсээс хөөж гаргах үед машинаасаа бууж ирээд малаа өөрснөө хөөгөөд аваад явдаг байх жишээтэй.Тэгэхээр боломжгүй биш боломжтой, хувиа бодсон хүмүүсийн мал ингэж хяналтгүй задгай бэлчээрлээд байгаа юм.

Цаг дулаараад ирэхэд энэ зөрчил багасдаг ч жилийн дөрвөн улирлын аль ч үед хориглосон бүсэд мал нэвтрэхгүй байх нь хамгийн чухал.

Тиймээс Нийслэлийн Засаг даргын энэ долоо хоногийн Удирдах ажилтны шуурхайн үүрэг даалгавараар нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутагт дэвсгэрт нэвтрээд байгаа нийт малыг тууж, хашаалан хууль, журмын хэрэгжилтийг хангуулах чиглэл өгсөн байгаа. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан хаагчдыг дайчлан оролцуулж, самналт хийн хашаалж, хариуцлага тооцох нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Иймд хот руу санаатай болон санамсаргүй байдлаар малаа нэвтрүүлж буй иргэд, малчид малаа зөвшөөрөгдсөн бүсэд хариулга маллагаатай байлгах нь чухал юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 5. МЯГМАР ГАРАГ. № 43 (7287)

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)