АНУ-ын дэд ерөнхийлөгч Газад гал зогсоохыг уриалав

АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис ням гарагт Алабама мужийн Селма хотод үг хэлэхдээ Газын зурваст нэн даруй гал зогсоон барьцааны хүмүүсийг суллах гэрээг хүлээн зөвшөөрөхийг ХАМАС бүлэглэлд уриаллаа. Мөн Газын зурвас дахь хүмүүнлэгийн сүйрлийг намжаахын тулд хангалттай арга хэмжээ авахгүй байгаад Израилийг буруутгав.

“Газын иргэд өлсгөлөнд нэрвэгдэж байхад Израилийн засгийн газар тусламжийн урсгалыг нэмэгдүүлэхийн тулд илүү ихийг хийх ёстой. Ямар ч шалтгаан тоочих ёсгүй" гэж Харрис мэдэгдлээ.

Харрис цааш нь Израилийн зүгээс тусламжийг саадгүй нэвтрүүлэх шинэ гарцуудыг нээж, хүмүүнлэгийн ажилтнууд болон энгийн иргэдийг бай болохоос хамгаалахын зэрэгцээ Газад илүү их хоол хүнс, ус, түлш хүргэхийн тулд үндсэн үйлчилгээг сэргээхийг сануулсан юм.

АНУ өнгөрсөн бямба гаригт Газын зурваст анхны агаарын тусламжаа илгээсэн. Дэд ерөнхийлөгч Харрис даваа гарагт Цагаан ордонд Израилийн дайны танхимын гишүүн Бенни Ганцтай уулзахаар төлөвлөж байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)