Мартын 8 болон Хүчирхэг тэмцэгч бүсгүйчүүдийн түүх

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг дэлхийн олон оронд тэмдэглэн өнгөрүүлдэг. НҮБ-аас “Мартын 8”-ыг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, хөдөлмөрийн зах зээл дээрх эрх тэгш байдлыг бий болгоход уриалах албан ёсны баяр гэж тооцдог билээ. Энэ өдрийг  1908 оноос тэмдэглэж эхэлжээ.  

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх санаачилгыг 1910 онд Данийн нийслэл Копенхаген хотод болсон олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын үеэр Германы эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Клара Зеткин гэх эмэгтэй гаргажээ.  

Ингээд хамгийн анх 1911 онд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг Австри, Дани, Герман болон Швейцар улсуудад тэмдэглэсэн байна. Тухайн үед тогтсон өдөр байгаагүй аж. 

Орос улсад 1971 онд дайнаас болж хохирсон олон мянган эмэгтэйчүүд ажил хаялт зарлажээ. Энэ үйл явдлаас болж Засгийн газар нь ажил хаялт зарласан эмэгтэйчүүдэд буулт хийн сонгууль өгөх эрхийг нь хүртэл нээж өгсөн аж. Энэ өдөр нь гуравдугаар сарын 8 байсан бөгөөд үүнээс хойш олон улсын эмэгтэйчүүдийн баяр буюу "Мартын 8"-ныг тэмдэглэх болжээ. 

Бид энэхүү өдрийг тохиолдуулан амьдралд нь хүнд хэцүү бэрхшээл тулгарсан ч бууж өгөлгүй тэмцсэн охид, эмэгтэйчүүдийн түүхийг уншигчидтайгаа хуваалцаж буйдаа таатай байна.  

“Girls Generation” хамтлагийн гишүүн Tiffany Young 

"Өдийг хүртэл өөрийн түүхээ ярих боломж олдож байсангүй. Үнэндээ би маш хүнд хэлбэрийн сээр нурууны мурийлттай байсан. Азийн соёлын жишгээр энэ талаар нэг их яриад байдаггүй л дээ. 

Багадаа би балетаар хичээллэдэг байсан. 12 нас хүрээд л бие маань урьдынх шигээ байхаа больсныг тухайн үед сайн анзаараагүй юм. Анх 16-тайдаа сээр нурууны мурийлттай гэдгээ мэдсэний дараагаас бүх зүйл өөрчлөгдсөн. Өсөлт маань аажмаар зогсож буй учир мэс засал хийлгэх хэрэгтэй гэцгээж байлаа. Ямар шийдвэр гаргахыг минь зааж зөвлөх хүн тэр үед байгаагүй. Дебют хийхэд нөлөөлөх учраас намайг SM энтертайнментад үлдээх эсэх дээр удирдах зөвлөлийнхөн ч хуралдаж байсан.  

Гэхдээ би “Болихгүй” гэж өөртөө хэлснээр энэ нь миний давах ёстой даваа болсон. Бие маань энгийн хүнийх шиг биш учраас бусдаас хоёр дахин, 20 дахин, 200 дахин илүү хичээнгүйлэн бүжиглэдэг байлаа. Зөв суухаас эхлээд, сунгалт хийхдээ, дуулахдаа амьсгаагаа зөв авах гээд сурсан зүйлс минь намайг өөрчилж эхэлсэн. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр одоогийн би гэдэг хүн бий болсон. Гэхдээ бүх л хүмүүст өөрийнхөөрөө тэмцэж, даван туулах ёстой бэрхшээл бий.  Хүнд хэцүү зүйлээс ч эерэг талыг нь харж өөрийнхөө хязгаараас илүү гарсан зүйлийг хийх нь хамгийн зөв шийдвэр. 

Охид эмэгтэйчүүдийн эрхийн активист, Пакистаны төмөр хатагтай гэгддэг Муниба Мазари 

18 настайдаа би хүнтэй гэрлэсэн. Айлын сайн охин байхын тулд эцэг эхдээ “Үгүй” гэж хэлж болдоггүй тийм хуучинсаг сэтгэлгээтэй гэр бүлд би өсөж торнисон. Аав намайг хүнтэй гэрлүүлэхийг хүсэхэд нь би хэрвээ гэрлэлт минь таныг жаргалтай болгох бол  гэрлэе гэж хэлж байлаа. Мэдээж энэ гэрлэлт аз жаргалтай байгаагүй. Гэрлэснээс хойш хоёр жилийн дараа одоогоос есөн жилийн өмнө л дөө, би автомашины осолд орсон юм. Нөхөр маань машинаа барьж байхдаа зүүрмэглэснээр бид машинтайгаа  жалга руу нисчихсэн. Азаар нөхөр минь машинаас үсэрч амьд үлдсэн. Би тэр үйлдэлд нь үнэхээр их баярладаг. Харин би машин дотроо үлдсэн. Тоочоод хэлбэл маш урт жагсаалт гарахаар хэмжээний тийм хүнд шархадсан байлаа. Баруун гарын шууны яс, бугуйн яс, мөр, эгмийн яс цуурч, цээжний яснууд минь тэр чигтээ хугарсан. Тэр бүх өвдөлт амьдралыг минь бүхэлд нь өөрчилсөн.  Ослын газар аврах багынхан ирж надад хүчил төрөгчийн аппарат зүүлгэж, нугасны мэдээ алдалтаас болоод миний ухаан санаа орон гаран байсан. Эмнэлэгт өнгөрүүлсэн 2 сар гарангын хугацаа үхэл мэт аймшигтай байсан. Би цөхрөнгөө барсан.

Нэг өдөр эмч ирээд “Чамайг зураач болохыг хүсдэг гэж сонссон. Гэхдээ чиний гэрийн эзэгтэй байх амьдрал үүгээр дуусаж байна дээр нь дахин зурж чадахгүй болсон гэдэг таагүй мэдээг дуулгах боллоо” гэж хэлсэн. Маргааш нь эмч ирээд “Нурууны гол яс чинь муу байна чи дахиж алхаж чадахгүй” гэсэн. Би гүнзгий амьсгалаад энэ бүхэнтэй эвлэрсэн. Дараа өдөр нь дахиад л эмч ирээд “Сээрний ясны цууралтаас болж чи хүүхэд төрүүлэх боломжгүй” гэж хэллээ. Энэ мэдээг сонсоод харанхуй ангалд унасан мэт л болсон доо. Тэр өдрөөс эхэлж би өөрөөсөө “Ингэж амьдарч яах юм?” гэж асуух болсон. Би эмнэлгийн цагаан хана, цагаан халаад өмссөн хүмүүсээс залхах болсон. Өөр өнгийг харж, мэдрэхийн тулд зургийн хэрэгсэл авч зурж эхэлсэн. Би хамгийн анхны зургаа үхлийн оронд дээр хэвтэж байхдаа зурсан. Үнэндээ энэ л надад эмчилгээ болсон. Ямар ч гунигтай үгс, өрөвдсөн харц байхгүй, өөрийн зүрх сэтгэлээ ил гаргаж зурсан. Энэ түүхээ хүмүүстэй хуваалцахыг би хүсэх болсон. Хүмүүст зурах ямар гайхалтай, амьдрал ямар олон өнгөтэйг ойлгуулмаар байсан. 

 Хэн ч эндээс уй гашуу харуусал хардаггүй зөвхөн би л хардаг. Тэр нэг өдөр би өөрийнхөө амьдралаар амьдрахаар шийдсэн. Би хүмүүсийн хувьд төгс хүн биш, харин яг энэ мөчдөө л яг өөрийнхөөрөө үүнийг л төгс хийх болно гэж шийдсэн. Тэр бол миний айдастайгаа тэмцэх тэмцэл. Би бүх айдсаа нэг нэгээр нь бичээд нэг л өдөр энэ айдсаа ялан дийлнэ гэдэгтээ итгэсэн. Миний хамгийн том айдсыг юу байсан гэж бодож байна? Салалт. Салалт бол юу ч биш ердөө миний айдас гэж өөртөө ойлгуулсанаар эрх чөлөөгөө эргүүлэн авахын тулд би зоригжсон. Тэр хүнийг хүнтэй гэрлэж байгаа гэсэн мэдээг сонссон өдрөө би өөрийн сэтгэл зүйгээ бэлдсээр түүнд захидал бичсэн. “Би үнэхээр баяртай байна. Чамд сайн сайхан бүхнийг хүсье” гэж.

Тэр одоо намайг өөрийнх нь төлөө залбирч байгааг мэднэ. Дараа нь ээж болохгүй гэх тэр айдас намайг шаналгаж байлаа. Гэхдээ би тайвширсан. Энэ дэлхий дээр хүлээн зөвшөөрөгдөхийг хүсдэг хүүхдүүд олон бий. Тэгэхээр уйлах шаардлага байхгүй. Тэр хүүхдүүдийн нэгийг нь үрчилж авахад л болно. Тэгээд би шийдсэн. Олон ч хүмүүнлэгийн байгууллага, асрамжийн газар руу хүсэлтээ явуулаад тэвчээртэй хүлээсэн. Хүсэлт явуулснаас хоёр жилийн дараа Пакистанд байдаг нэгэн жижигхэн хотоос надад дуудлага ирсэн. Утсаа авсан чинь “Муниба Мазары юу?. Энд нэг жаал хүү байна. Та түүнийг үрчилж авах уу?” гэх зурвас. Би яг л төрөлтийн үеийн хэвлийн базлалтыг мэдрэх шиг болсон. “Тийм ээ, тийм. Би түүнийг үрчилж авах болно. Би түүнийг гэртээ авчирна” гэж хариулсан. Тэр өдөр хүү хоёр настай байсан бол одоо зургаан настай.  

Тэргэнцэр дээрээс өндийх үед юу хамгийн их өвддөг гээч? Энгийн хүмүүс өөрсдийгөө хөгжлийн бэршээлтэй хүмүүсээс илүү гэж үзэж тэднийг хүлээн зөвшөөрөхгүй байдал л өвдөлт болдог. Тэгээд би энэ тухай олон нийтэд илэрхийлье гэж бодсон. Би зурж эхэлсэн, Пакистан улсын үндэсний сувгийн нэвтрүүлэгт тэргэнцэртэй оролцохоор шийдсэн. НҮБ-ын Пакистан дахь сайн дурын элч болсон. Өдийг хүртэл хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийн төлөө дуу хоолойгоо өргөсөөр ирлээ. 2015 онд BBC агентлагаас зарласан “Оны шилдэг 100 эмэгтэй” нэгээр шалгарсан. 2016 онд Forbes сэтгүүлээс гаргадаг “30-аас доош насны 30 шилдэг залуу”-гийн нэг болсон. Хэрвээ чи явах ёстой замаа хүлээн зөвшөөрвөл хорвоо ертөнц чамайг шагнана. Бүх зүйл дотроосоо ундарч эхэлнэ.

Амьдралд олон гайхамшигтай зүйл бий. Ихэнх хүмүүс төлөвлөснөөр болохгүй бол бууж өгдөг. Би хэзээ ч тэргэнцэр дээр суудаг хүн болохыг хүсээгүй, тэргэнцрийн тухай бодож ч байгаагүй. Энэ амьдрал бол шалгалт. Угаасаа шалгалт амархан байдаггүй. Хэрвээ амьдрал чамд лемон өгвөл лемоны жүүс болгож хувирга гэдэг. Амьдралаас илгээсэн зүйлийг хөнгөнөөр хүлээж ав. Түүнээс биш амьдралыг буруутгаж болохгүй. Айж болно зүгээр дээ. Уйлсан ч болно зүгээр. Бүх зүйл зүгээр. Харин бууж өгөх талаар л бодож болохгүй. Хүмүүс алдаа гаргаж болохгүй гэж байнга хэлдэг. Гэхдээ алдаа байх хэрэгтэй. Хүн алдаж байж л сурдаг. Алдаж байж л босдог, цааш явдаг. Амьсгалж байгаа хором бүрдээ, газар бүрдээ амьд яваадаа таларх. Амьдар. Үхлээсээ өмнө битгий үх. Жинхэнэ аз жаргал гэдэг талархалд бий. Тэгэхээр догь бай, амьд бай. Хором бүрд амьдар. Амьдралынхаа хором бүрд амьдар. 

Найман настай Габезеч охин 2020 оны сүүлээр Этиопын баруун өмнөд хэсэгт орших Консо бүс орчимд хилийн байнгын маргаан дэгдэж, хүчирхийллийн улмаас олон хүүхэд дүрвэсний нэг юм. Охин гэр бүлийнхээ хамтаар Кусуме тосгоноос дүрвэхээс өөр аргагүйд хүрсэн бөгөөд дүрвэгсдэд зориулсан хуаранд амьдардаг байв. Түүний амьдардаг байсан тосгон хөрш тосгонтойгоо зөрчилдөөн үүсгэж улмаар хөрш тосгоныхон нь дайрч охины гэрийг шатаажээ. Охин “Би гал гарахыг хараагүй ч утаа л харсан. Энд бидэнтэй адилхан гэр нь галд шатаад гэр оронгүй болсон олон айл бий. Бид энд ирэх гэж их удаан алхсан.  

Гэхдээ ирэх замдаа би үүрүүлээд ирсэн л дээ. Би уг нь сурах дуртай. Даанч одоо надад явах сургууль байхгүй. Гэхдээ би найзуудтайгаа газар дээр тойрог зурах, чулуугаар тоглох, дуулангаа ABC зэргээр үсгүүдээ нүдэлж байгаа. Нэг л өдөр бүх зүйл сайхан болох байх аа” гэж хүмүүнлэгийн багийнханд ярьжээ.  

Энэ мэтчилэн дэлхий дээр бэрхшээл тохиолдсон ч гэсэн сайн цагийг хүлээхийн хажуугаар өөрийн чадах бүхнээ хийж бууж өгөлгүй тэмцсэн олон охид эмэгтэйчүүдийн түүх бий.  

Сэтгэгдэл:
Таны IP: (44.220.184.63)