“Эрүүл ой” төслийг хэрэгжүүлж байна

 Монгол орны ойрхог чанарыг 9 хувь буюу түүнээс дээш хувьд хүргэж, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, амьдралын чанарыг сайжруулах, ногоон хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд төр, иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллагын хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан Ойн салбарын үндэсний II чуулган өчигдөр Төрийн ордонд боллоо. Энэ үеэр Рио Тинто компанийн Түншлэл, хамтын ажиллагаа хариуцсан захирал Б.Даваасүрэнгээс тус компанийн зүгээс “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрт ямар оролцоотой байгаа талаар тодруулсан юм.

Тэрбээр энэ тухайд "Рио Тинто нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг өөрийнхөө салбарт дэлхийн хэмжээнд томоохон хэмжээний амлалт аваад ажиллаж буй компани юм. Тэр ч утгаараа 2022 оны зургаадугаар сард Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг чиглэлд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Тэр хүрээндээ тухайн оныхоо есдүгээр сараас Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, АНУ-д төвтэй "Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг" мэргэжлийн ТББ-тай хамтран нэг тэрбумаар тоологдох модыг аврах  “Эрүүл ой” төслийг хэрэгжүүлж байна. 

Энэхүү төсөл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарласан “Тэрбум мод” төсөлд дэмжлэг үзүүлэх, унаган ойгоо хамгаалахад чиглэсэн төсөл юм. Уг төсөл нь нийт 7.4 тэрбум төгрөгийн өртөгтэй, гурван жилийн хугацаатай хэрэгжинэ. Монгол орны ойн санг устгаж буй гол хоёр хүчин зүйл бол нэгдүгээрт ойн түймэр, хоёрдугаарт ойн хөнөөлт шавж юм. Гэтэл "Ковид-19" цар тахлын дараагаас хөнөөлт шавжийг устгах ажлыг хийх боломжгүйд хүрсэн учраас 720 мянган га талбайд тархац үүссэн. Түүнээс голомтолсон 300 мянган га талбайд Рио Тинто компанийн санхүүжилтээр устгалын ажлыг явууллаа. 

Өнгөрсөн онд 150 мянган га-д устгалын ажлыг явуулж, ойролцоогоор 480 сая модыг мөхөх аюулаас аварсан байна. Энэ онд мөн 150 мянган га-д устгалын ажил явуулна. Нийтдээ 1.1 тэрбум модыг мөхөх аюулаас аврах юм. Мөн 2023 онд 5 аймгийн 15 сум, Улаанбаатар хотын ногоон бүс, Богд хан уулын дархан цаазат газар, Горхи Тэрэлжид дээрх ажлыг хийсэн. Үүний зэрэгцээ олон улсын судлаачидтай хамтран холбогдох бодлого боловсруулах, ойн тогтвортой менежмэнтийг хэрэгжүүлэх, боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх зэрэг чиглэлээр ажиллаж байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд хангалтгүй тооны оюутан хөнөөлт шавж устгах мэргэжлээр суралцдаг юм байна. Тэдгээр оюутанд тэтгэлэг олгохын зэрэгцээ АНУ руу танилцах аялалд явуулж байна. Мөн АНУ-аас эрдэмтдийг жилд доод тал нь хоёр удаа Монголд авчирч байна. 

Том зургаараа харвал, гамшгийн хэмжээнд хүрээд байсан хөнөөлт шавжтай хийх устгалын ажлыг явуулсан нь экологийн тэнцвэрт байдлыг бүрдүүлэхэд ихээхэн түлхэц болсон. Өөрөөр хэлбэл, Рио Тинто компани 480-500 сая модыг мөхөх аюулаас аварлаа. Энэхүү ажлын үр дүн 4-6 долоо хоногийн дотор нүдэн дээр харагдсан. Устгалын ажлыг явуулахаас өмнө нэг ч навчгүй байсан мод 6 долоо хоногийн дараа нов ногоон мод болж хувирсан байсан. 

Мод тарьж ургуулахын тухайд, манайхаас менежментийг нь хариуцдаг Оюу толгой ХХК 100 сая мод тарих амлалт авсан. Энэ хүрээндээ ерөнхий төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна" гэсэн хариултыг өгөв.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.97.14.84)