Э.Блинкен Бразил, Аргентиныг зорино

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мягмар гаргийн өглөө Бразил, Аргентиныг зорьж, хоёр орны удирдагчидтай хэлэлцээ хийхийн сацуу Рио-де-Жанейро хотноо болох “Хорийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцоно.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мөн “Хорийн бүлэг”-ийн уулзалтуудад оролцох төлөвтэй байгаа тул тэд ховорхон тохиох нүүр тулсан уулзалт хийх боломж бий. Э.Блинкений хувьд Бразил, Аргентинд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын хувиар анх удаа айлчлах гэж байна. Тэрбээр Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва болон саяхан тангараг өргөсөн Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей нартай уулзаж, хоёр талын болон дэлхий дахинд тулгамдаж буй асуудлуудаар санал солилцоно.

Төрийн департаментын мэдэгдсэнээр, Э.Блинкен айлчлалынхаа үеэр “Хорийн бүлэг”-ийг даргалах хугацаанд Бразил улсыг дэмжинэ гэдгээ, мөн ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн эрхийн талаарх АНУ-Бразилын түншлэл, цэвэр эрчим хүчинд шилжих хамтын ажиллагаа, түүнчлэн хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 200 жилийн ойг тэмдэглэхэд АНУ дэмжлэг үзүүлнэ гэдгийг онцлох ажээ.

Э.Блинкен мөн “Хорийн бүлэг”-ийн уулзалтуудын үеэр Хаити дахь Олон үндэстний аюулгүй байдлыг хангах ажиллагааны талаар түншүүдтэйгээ хэлэлцэж, аюулгүй байдал, тогтвортой байдлыг сэргээхэд тусламж үзүүлэх тухай Хаитийн ард түмний уриалгад анхаарал хандуулах төлөвтэй байна.

Аргентин бол еврей үндэстэнтэй Өмнөд Америкийн хамгийн том орнуудын нэг юм. Х.Милейг саяхан Израилд айлчилсны дараа АНУ-ын өндөр албан тушаалтан ярихдаа, Э.Блинкен, Х.Милей нар Газын зурвасын цаашдын нөхцөл байдлыг хэлэлцэнэ гэжээ. Хэлэлцэх асуудлын жагсаалтад мөн чухал ашигт малтмал, эдийн засгийн тогтвортой өсөлт зэрэг асуудлууд багтжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)