Банкны хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлэв

УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр энэ сарын 7-нд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

УИХ-аас 2021 оны нэгдүгээр сарын 29-нд баталсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар системд нөлөө бүхий банкуудыг нээлттэй хувьцаат компани хэлбэрээр өөрчлөн байгуулах шаардлагыг тогтоосон бөгөөд үүний дагуу ХААН, Худалдаа хөгжил, Голомт, ХАС, Төрийн банкуудаас анх удаагаа хувьцаагаа олон нийтэд санал болгон, хөрөнгийн зах зээл дээр амжилттай гаргасан гэж хууль санаачлагч танилцуулав. Тэрбээр эдгээр системд нөлөө бүхий 5 банк 2022 оны есдүгээр сараас 2023 оны зургаадугаар сар хүртэлх хугацаанд нийт хувь нийлүүлсэн хөрөнгийн 5.0-11.4 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг олон нийтэд санал болгосон бөгөөд анхдагч зах зээлийн захиалга нь анхны саналаас даруй 17.2-204.6 хувиар илүү биелж, банкуудаас хувьцаагаа олон нийтэд санал болгох үйл ажиллагаа бүгд амжилттай хэрэгжлээ. Үүний үр дүнд эдгээр 5 банк Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ (2022 оны эцсийн байдлаар 6.89 их наяд төгрөг)-ний 6.5 хувьтай тэнцэхүйц буюу нийт 446.8 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний эх үүсвэрийг харьцангуй богино хугацаанд татан төвлөрүүлээд байна гэв.

Түүнчлэн Монголын банкуудын хувь эзэмшлийг бууруулахад дотоодын хөрөнгийн захын төлбөрийн хөрвөх чадвар ханасан гэж олон улсын байгууллагуудаас дүгнэсэн бөгөөд нийт арилжааны банкуудын хувьцаа эзэмшлийг есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар авч үзвэл цөөн тооны томоохон хувьцаа эзэмшигчдэд суурилсан бүтэцтэй, хувьцааны төвлөрөл өндөртэй бөгөөд хамгийн өндөр хувьцаа эзэмшиж байгаа эхний 3 хувьцаа эзэмшигч нь тухайн банкныхаа хувь нийлүүлсэн хөрөнгийн дийлэнх хувийг эзэмшиж байна. Банкны системд нөлөө бүхий банкуудаас ХАС банкнаас бусад банкны томоохон хувьцаа эзэмшигчдийн төвлөрөл 85-аас дээш хувийн төвлөрөлтэй байгаа бол бусад банкуудын хувьд 76.6-100.0 хувийн төвлөрөлтэй байна. Уг төвлөрлийг хуульд заасан 20 хувь хүртэл бууруулахад банкны салбарын хэмжээнд нийт 1.8-2.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байна.

Банкны хувь эзэмшлийн төвлөрлийг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 20 хувь болгож бууруулах хүрээнд банкууд болон Монголбанкны зүгээс санаачилга гарган ажиллаж байгаа хэдий ч банкны хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах үйл явц нь гадаад, дотоодын олон хүчин зүйлээс хамаарч ихэнх банкын хувьд цаг хугацаандаа биелэх боломж хязгаарлагдмал байгааг дараах нөхцөл байдал харуулж байна.

-Банкууд олон нийтэд хувьцаагаа санал болгох замаар хөрөнгийн зах зээлээс ихээхэн хэмжээний эх үүсвэр татаад удаагүй байгаа өнөөгийн нөхцөлд их хэмжээний хувьцааг (40%-80% хүртэл) богино хугацаанд, харьцангуй өндөр үнэлгээтэйгээр худалдан борлуулах шаардлага үүсэж байгаа нь цаашид банкуудын хувьцааны эрэлт нийлүүлэлтээсээ хэт бага болсноор банкуудын хувьцааны ханшид сөрөг нөлөө үзүүлж, компанийн зах зээлийн үнэлгээ буурах, улмаар банкууд болон хувьцаа эзэмшигчид томоохон бэрхшээл, хүндрэлтэй тулгарч болзошгүй;

-Банкууд олон улсын хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа гаргах үйл ажиллагаанд ихээхэн цаг хугацаа шаардагдаж байгаа;

-Монгол Улсын Прокурорын байгууллагаас зарим банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн шилжих хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарласан нь эдгээр банкны хөрөнгө оруулалт татах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна.

Иймд санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, банкны салбарын нийт хувьцаа эзэмшигчийн өмчилж байгаа хувьцааны үнэ цэнийг хадгалах, банкны хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах зохицуулалтыг банкны салбарт амжилттай хэрэгжүүлэх зорилгын хүрээнд хөрөнгө оруулагчид болон хувьцаа эзэмшигчдэд боломжит хугацаа өгөх шаардлага үүсээд байгаа ба ОУВС-гаас 2023 оны 10 дугаар сард олон нийтэд танилцуулсан Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаарх тайланд Монгол Улс банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид үр дүнтэйгээр хэрэгжүүлэх нь чухал гэдгийг онцоллоо.

Хуулийн төслийг боловсруулахтай холбогдуулан төслийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлсон банкны салбарыг чадавхжуулах дунд хугацааны хөтөлбөр, Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр, төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл, зээлийн хүүг бууруулах стратеги зэрэг богино, дунд хугацааны бодлогын баримт бичгийг судлан банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулах талаар авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаарх олон улсын мэргэжлийн байгууллагын саналыг харгалзсан. Хуулийн төслийн саналыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпорац болон Монголын банкны холбоо, банкуудын төлөөллийг оролцуулсан ажлын хэсгээс боловсруулсан бөгөөд хуульд заасны дагуу тус төслийн талаар олон нийтээс санал авах зорилгоор Монголбанкны цахим хуудаст нээлттэй байршуулсан боловч тодорхой санал ирээгүй.

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь банкуудын хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулж, шинэ хөрөнгө оруулагчаар дамжуулан банкны зохистой засаглалыг сайжруулах, шат дараалсан хяналтын хэрэгжилтийг хангуулах, банкны төвлөрлийн эрсдэлийг бууруулж, хязгаарлалтыг мөрдүүлэх, өөрийн хөрөнгийн бүтэц, чанарыг сайжруулах, эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, банк дахь олон нийтийн оролцоо хяналтыг бий болгох, улмаар банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах ач холбогдолтой гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (44.222.218.145)