ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр энэ сарын 7-8-ны өдрүүдэд манай улсад төрийн айлчлал хийж байна.


Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр, гэргий Элке Бюденбендэр нарыг жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авав. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв.

Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсны дараа Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй  мэндчилсэн юм. Түүнчлэн Ерөнхийлөгч нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улсын  болон ХБНГУ-ын албаны төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, Олон улсын байгууллагын Суурин төлөөлөгчидтэй мэндчилэв.

Мөн Ерөнхийлөгч нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав. 

Энэ удаагийн айлчлалын үеэр хоёр орны холбогдох яам, байгууллагууд эрчим хүч, тээвэр, боловсрол, байгаль орчин, хууль, эрх зүй, археологийн салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах юм. Монгол Улс, ХБНГУ-ын хооронд 1974 оны нэгдүгээр сарын 31-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 50 жилийн тэгш ой нь энэ онд тохиож байна. Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2014 онд Гадаад хэргийн сайдын хувиар Монгол Улсад айлчилж байсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)