Ленинград хотыг бүслэлтээс бүрэн чөлөөлсний 80 жилийн ойг тэмдэглэв

   

 Орост болон гадаадын улс орнуудад Ленинград хотыг нацистын бүслэлтээс бүрэн чөлөөлсний 80 жилийн ойг энэ сарын 27-нд  өргөн дэлгэр тэмдэглэв. Ийнхүү Аугаа их Эх орны дайны хамгийн эмгэнэлтэй үйл явдлуудын нэг дуусгавар болсон ба төрөл бүрийн эх сурвалжид өгүүлсний дагуу энэхүү бүслэлт нь Ленинград хотын сая орчим хүний амь насыг авч одсон юм.

Ленинград бол бараг 900 хоногийн бүслэлтийг тэсвэрлэж чадсан хэдэн сая хүн амтай дэлхийн түүхэн дэх цорын ганц хот юм. 1941 оны есдүгээр сарын 8-нд нацист Германы цэргүүд тус хотыг хуурай газраар эх орноос нь тусгаарласан. Харин хойд талаас нь нацист Германы холбоотон байсан Финландын цэргүүд хүрч ирснээр хот бүрэн бүслэлтэд орсон.

872 хоногийн турш Ленинградын оршин суугчид хүйтэн, өлсгөлөн, дайны аймшгийг үл харгалзан хотоо бүрэн сүйрлээс амь биеэ хайрлалгүй хамгаалж, Улаан армийг хангадаг байсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвээр хадгалсан. Нацистын түрэмгийлэгчдийн бүх төлөвлөгөө, амбиц нь ленинградчуудын гайхалтай тэсвэр хатуужил, эр зоригийн ачаар нурсан.

1943 оны 1-р сарын 18-нд Улаан арми бүслэлтийг сэтэлсэн бол 1944 оны 1-р сарын 27-нд хотыг бүслэлтээс гаргаж авсныг тохиолдуулан баярын буудлага хийв. Харамсалтай нь энэ үед Ленинград болон түүний дагуул хотуудад бүслэлт эхлэхээс өмнө амьдарч байсан гурван сая хүнээс 800 мянга гаруйхан хүн амьд үлдсэн байв.

Ленинград хотыг хамгаалагчдын эр зориг, баатарлаг зан чанарыг эх орон нь өндрөөр үнэлэв. Олон анги нэгдлүүдийг Гвардийн (торгон цэргийн) статустай болгож, одон медалиар шагнаж, Ленинградын хэмээн хүндэтгэн нэрлэх болсон. Ленинград, Волхов, Карелийн фронтод 486 хүн ЗХУ-ын баатар цолоор шагнагдсаны 8 нь хошой баатар болсон. Зөвхөн Ленинградын фронтод л гэхэд 350 мянга гаруй цэрэг олон төрлийн одон, медалиар шагнагджээ.

Улаан арми Ленинградын ойролцоо хүчтэй дайснаа ялснаар Финланд болон Скандинавын бусад орнуудад нацистуудын байр суурийг алдагдуулж, Аугаа их Эх орны дайны ялалтыг мэдэгдэхүйц ойртуулж чадсан.

Ленинградын бүслэлтийг бүрэн цуцалсны 80 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар Аугаа их Эх орны дайны үед нацистуудын хоморголон устгах ажиллагааны золиос болсон ЗХУ-ын энгийн ард иргэдийн дурсгалд зориулсан хөшөөний нээлтэд оролцсон юм. 

 В.В.Путин дурсгалын цогцолборын нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ: “Нэгдүгээр сарын 27 бол бидний хамтын, бүх ард түмний түүхэн дэх хамгийн чухал өдрүүдийн нэг юм. 1944 оны эл өдөр Улаан армийн цэргүүд Ленинградын бүслэлтийг бүрэн сэтэлж, жилийн дараа буюу 1945 оны мөн өдөр үхлийн лагерь хэмээн алдаршсан Освенцим (Аушвиц) хорих лагерийг чөлөөлөв.

Наян жилийн дараа ч тус аймшигт гарз хохирол, сүйрсэн хувь тавилан, төсөөлөхийн аргагүй сорилтуудыг даван туулсан хүн бүрийн төлөө өвдөж буй бидний сэтгэлийн шарх илаарьшаагүй хэвээр байна. <...> Эдгээр гэмт хэргүүдийг дайны талбарт хийгээгүй. Гартаа зэвсэггүй, өмөөрч нөөлөх хүнгүй хөөрхий хөгшид, эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй ард иргэдийг үй олноор нь хядсан нь санаатай, бодлоготой, системчилсэн шийтгэлийн үйл ажиллагаа байв.

Өнөө үед Нюрнбергийн шүүх хурлын үр дүнг үндсэндээ эргэн харж байгааг бид харж байна. Зарим оронд зөвхөн түүхийг дахин бичиж, цаазаар авагчдыг зөвтгөөд зогсохгүй нацистуудын үзэл суртал, арга барилыг өргөнөөр ашиглах болжээ.

Киевийн дэглэм Гитлерийн хамсаатнууд, СС цэргүүдийг өргөмжилж, өөрт нь таалагдаагүй хүмүүсийн эсрэг харгис хэрцгий аргуудыг ашиглах болсон. Энгийн ард иргэдийн амьдарч буй хот, сууринууд руу зэрлэгээр гал нээж, хөгшид, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хөнөөх үйл ажиллагаа үргэлжилсээр байна.

Бид нацизмыг таслан зогсоож, бүрмөсөн устгахын төлөө бүх зүйлийг хийх болно" гэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)