H&M брэндийн гүйцэтгэх захирал ажлаа өгчээ

Дэлхийн хувцас загварын зах зээлд өөрийн гэсэн байр сууриа хэдийнэ эзэлсэн Шведийн H&M брэндийн гүйцэтгэх захирал Хелена Хелмерссон ажлаа өгөх болсноо лхагва гарагт мэдэгджээ. Гүйцэтгэх захирал ажлаа өгөх болсон гэнэтийн мэдээний дараа хувьцааны ханш 9 хувиар унасан байна.

Хелена Хелмерссон тус компанийн гүйцэтгэх захирлаар дөрвөн жилийн турш ажилласны эцэст ийнхүү ажлаа өгч байна. Түүний оронд H&M компанид амьдралынхаа 18 жилийг зарцуулсан Даниель Эрвер шинэ гүйцэтгэх захирлаар томилогджээ.

Ажлаа өгөх үедээ Хелмерссон “Өнгөрсөн жилүүдэд цар тахлын хүнд үеийг давж, геополитикийн болон макро эдийн засгийн сорилтуудыг хамтдаа туулсан бүх хүмүүсээр бахархаж байна. Хувь хүнийхээ хувьд өмнө нь бодож байсан алхмаа хийж, гүйцэтгэх захирлын албан тушаалыг өгөх зөв цаг нь иржээ. Энэ тийм ч хялбар шийдвэр байгаагүй” гэлээ. Хелмерссон тус брэндэд 26 жил ажилласан бөгөөд түүнийг ажлаа өгсний дараа компанийн хувьцааны ханш унасанд сэтгэл дундаар байгаагаа ч мөн хэлжээ.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын тайлангаар H&M брэндийн ашиг орлого 7,2 хувиар буурсан байна. Мөн 2023 онд худалдаа нь өссөн боловч сүүлийн хоёр сард буурчээ. 2024 оны гарснаас хойш H&M-ын хувьцаа нийт 14 хувиар унасан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (44.220.184.63)