Л.Оюун-Эрдэнэ: Бүсчилсэн хөгжлийн реформын шинэ сэтгэлгээг эхлүүлнэ
“Монголын Эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ, “Тэртээ 33 жилийн өмнө ЗХУ задарч, социалист систем нурахад энэхүү системд багтаж байсан улс орнууд өөрийн хөгжлийн зам, үнэт зүйлээ сонгосон. Монгол Улс ч шинэ Үндсэн хуулиа баталж, парламентын ардчилсан засаглалыг сонгосон. Манай Засгийн газар байгуулагдсан цагаасаа өнгөрсөн 30 жилийн үйл явцад бодитой дүгнэлт өгөхийг эрмэлзэж, алдаа оноог тунгааж, ирээдүйн 30 жилийг зөв тодорхойлох нийгмийн хүсэмжлэлд зөв хариу үйлдэл үзүүлж, тогтолцооны суурь реформуудыг цаг алдалгүй хийхэд анхаарлаа. "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлого, "Шинэ сэргэлтийн бодлого" нийгмийн энэ л захиалгаар бий болсон. Авлигын эсрэг тэмцэл, сонгодог парламентын засаглалыг бэхжүүлэх Үндсэн хуулийн өөрчлөлт, хилийн боомтуудын шинэчлэл, экспортын төмөр замын бүтээн байгуулалт, И-Монголиа, гацсан томоохон төслүүд, цар тахалд нэрвэгдсэн эдийн засгийг сэргээх...Энэ бүхэн нийгмийн, цаг үеийн захиалга байсан. Гучин жилийн турш нийслэлийг зорьсон их нүүдэл, хөдөөгийн хөгжил, бүсчилсэн хөгжлийн асуудлаар энэ Эдийн засгийн форум зохион байгуулж байна. Энэ онд УИХ-ын сонгууль анх удаа бүсчилсэн тойргоор болж, Засгийн газар 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ форум УИХ-ын сонгуулийн өмнө болж байгаа нь улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр илүү прагматик байхад, мэдээллийн хувьд тэгш гараанаас эхлэх, бодлогын мэтгэлцээнд тулгуурлах тал дээр ач холбогдолтой. Хэлэлцүүлэг, дэвшүүлж буй санал бүхэн улсын ирээдүйн хөгжлийг тодорхойлох үнэ цэнэтэй санаачилга юм. Форумын үр дүнд үндэслэж, Засгийн газар бүс бүрийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулна. Ингэснээр эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдэд тулгуурлаж хөрөнгө оруулалтыг төлөвлөж, шинэ төвлөрлийн бүс, эдийн засгийн олон тулгуур, орон нутагт эдийн засаг тэлэх суурь бий болж, нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол, түгжрэл зэрэг бидний тулгамдсан асуудлууд шийдэгдэх болно.
Монгол Улсын газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг нийслэл хотод хүн амын 50 хувь нь төвлөрч, агаарын бохирдол, автозамын түгжрэл, эдийн засгийн тэлэх боломжгүй мухардалд гацаж, орлогын тэгш бус байдал бий болсны шалтгаан нь хот хөдөөгийн тэнцвэрт бус хөгжил юм. Энэ бол аймгуудын хүн ам, газар нутгийн онцлог, нөөцөд тулгуурлаж, эдийн засгаа бүсчлэн хөгжүүлж чадаагүйн үр дагавар. Өнгөрсөн 30 жилд УИХ, Засгийн газраас 560 гаруй хөгжлийн бодлогын баримт бичиг баталж, 2001 онд Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг дэвшүүлсэн ч сонгуулиас сонгуулийн хооронд хаягдал цаас болж байсны шалтгаан нь тойргийн эрх ашигт уягдсан парламентын сонгуулийн тогтолцоо юм. Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дүнд анх удаа парламентын сонгуулийг холимог тогтолцоо, бүсчилсэн тойргоор явуулснаар тойрогт шүтсэн төсвийн хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, үр ашиггүй хөрөнгө оруулалтыг цэгцэлж, улсын хөгжлийг тодорхойлох стратегийн ач холбогдолтой зорилгодоо төвлөрч, тогтвортой хэрэгжүүлэх боломж бүрдэж, бүсчилсэн хөгжлийн бодлого бодитоор хэрэгжих болно. Өнгөрсөн 30 жилд стратегийн ач холбогдолтой цөөнгүй мега төсөл эхлүүлсэн ч шав тавиад гацсан нь олон. ГТБҮ, Аж үйлдвэрийн парк, Арьс шир боловсруулах үйлдвэр, ДЦС IV-ын өргөтгөл, Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн УЦС зэрэг улс орны хөгжилд шаардлагатай төслүүд яригдсаар өнөөдрийг хүрлээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг сонгогдсон тойрогтоо ахиу тавиулахын төлөө лообий, бие биеэ шантаажилсан улс төр, сонгууль дамжсан амлалтын төлөөсөнд улсын төсөв замхарч, олон улсын хөрөнгө оруулагч, хувийн хэвшлийнхний алдагдсан боломжийг мартах ёсгүй.
Энэ удаагийн Эдийн засгийн форум нь жалга довны сэтгэлгээний хана хэрмийг нурааж, бүсчилсэн хөгжлийн реформын шинэ сэтгэлгээг эхлүүлэх зорилготой. Форумаар эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ тодорхойлон хэлэлцэхийг хүсэж байна. Тухайлбал,
Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн бүс эрчимжсэн ХАА, газар тариаланг шинэ түвшинд гаргаж, хүнс экспортлогч бүс болж эдийн засгийг төрөлжүүлж чадах уу? Энэ бүс нутагт татварын ямар орчин хэрэгтэй вэ? Энэ бүсэд гурван аймгийн 320 мянган хүн амьдарч, ДНБ нь хоёр их наяд 900 тэрбум төгрөг байна. Мөн улсын хэмжээнд үр тарианы 70.2, хүнсний ногооны 66, төмсний 79.4 хувийг хангаж байна.
Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дундговь аймгийг аж үйлдвэр, уул уурхайн томоохон төслүүд, хэрхэн хоорондоо интергацид орох вэ? Хэрхэн аж үйлдвэржсэн улс болох вэ? Говийн бүсийн тэнцвэрт хөгжил, улсжуулалт, шар шороон шуурганы асуудлыг яаж шийдэх вэ?
Энэ бүсийн хүн ам 207 мянга, ДНБ нь дөрвөн их наяд төгрөг. Экспортын дөрвөн шинэ төмөр замтай. Оюу Толгой, Тавантолгой, Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг мега төслүүд хэрэгжиж байна.
Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймгийг Баруун бүс нутаг. Сэргээгдэх эрчим хүчний экспортыг олон улсад гаргаж ирэх боломж юу? Хүн ам 473 мянга, ДНБ нь гурван их наяд 424 тэрбум төгрөг. Баруун бүс нь Монгол орны газар нутгийн 26.5, хүн амын 16 орчим, мал сүргийн 30 гаруй хувийг эзэлдэг.
Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймгийг уламжлалт мал аж ахуйдаа түшиглсэн хөнгөн аж үйлдвэрлэл, түүхэн дурсгалт хот байгуулалтын асуудал. Хүн ам 295 мянга, ДНБ нь хоёр их наяд 208 тэрбум төгрөг. Энэ бүс нутаг 13.7 сая малтай.
Орхон, Булган, Хөвсгөл аймгийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн бүс. Хүн ам 535 мянга, ДНБ 4 их наяд 849 тэрбум төгрөг. Улсын хэмжээнд аж үйлдвэрийн салбарын 25 хувийг бүрдүүлж байна.
Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийг түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс болж эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлж, тэнцвэрт хөгжлийг хангах тухай ярилцмаар байна. Хүн ам 229 мянга, ДНБ хоёр их наяд 444 тэрбум төгрөг. Зүүн бүсэд нийт адууны 23, үхрийн 18 хувь бий. Нийт үр тарианы 8.9 хувийг бүрдүүлдэг. Энэ бүс нь газарзүйн байршлын давуу талаа ашиглан олон улсын түвшинд Зүүнхойд Азийн эдийн засгийн интеграци (6 улс)-д нэгдэхэд “Монгол-Орос-Хятад”-ын эдийн засгийн коридор байгуулахад гол нутаг болох боломжтой.
Нийслэл хотыг төр, эдийн засаг, соёлын бүс болгохоор тусгасан. Улаанбаатарт нэг сая 539 мянган иргэн амьдарч, ДНБ нь 33 их наяд 851 тэрбум төгрөг байна. Энэ бол нийт хүн амын 49, ДНБ-ний 65 хувийг бүрдүүлдэг.
Засгийн газар 2024 оны төсвийн жилийг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлтийг хэрэгжүүлэхэд анхаарахаар төлөвлөсөн. 7000 гаруй км үргэлжилдэг “Мянганы зам” төслийг 21 жилийн дараа 2022 онд дуусгасан. Үүний үргэлжлэл болгож, аймгийн төвүүдийг холбох “Хөдөөгийн сэргэлтийн таван цагираг” авто замын төслийг эхлүүлж, ондоо багтаан, 1300 км авто замын төслийг шинээр эхлүүлнэ.
Орон нутгийг орон сууцжуулах дэд бүтцийг үе шаттай шийдэж, орон нутаг болон Багануур, Багахангай дүүрэгт шилжин суурьшиж, анх удаа орон сууц худалдан авахаар хүсэлт гаргасан иргэдэд ипотекийн зээлийн хүүгийн гурван нэгж хувийг эхний гурван жилд төсвөөс санхүүжүүлж, орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийн 60 хүртэл хувьд баталгаа гаргах ажлыг үргэлжлүүлнэ. Мөн орон нутагт орон сууц шинээр барих, түрээсийн орон сууцны хүртээмжийг нэмэхэд татварын бодлогоор дэмжинэ.
Чадварлаг хүний нөөцийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдүүлэхийн тулд ирэх 4 дүгээр сараас төрийн албан хаагчдын цалинг нэмж, нийтлэг төрийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалинг 20, бусад төрийн албан хаагчдын цалинг 10 хувь нэмнэ. Мөн орон нутгийн нэмэгдлийг хөдөөгийн сумдад үндсэн цалингийн 40, аймгийн төв, нийслэлийн алслагдсан гурван дүүргийн төрийн албан хаагчдад 20 хувиар тооцож олгоно.
Орон нутагт ашигт малтмалын орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, уул уурхай эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс орон нутагт олгодог хандив тусламжийг Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, иргэдийн оролцоог хангах эрхзүйн зохицуулалт бий болгоно. Нийслэлээс орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, орон нутагт шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон, ажлын байр нэмсэн аж ахуйн нэгжүүдийг татвараар дэмжинэ.
Энд хуран цугласан эрхэм зочид, төлөөлөгчид өө,
1990 оны цагаан морин жилийн хавар Монгол Улсын шинэ 30 жилийн түүх эхэлж, шинэ нийгэмд хөл тавьсан билээ. Өнөөдөр өнгөрсөн алдаа оноог хэлэлцэж, тогтолцооны реформыг хамтдаа эхлүүлж, ирэх 30 жилийн үндэс суурийг тавьж байна. Гучин жилийн дараа шинэ үеийнхэн цуглаж, ирээдүйгээ тодорхойлох үед бидний энэ үеийг Монгол Улсын эрчимжсэн хөгжлийн гарааг эхлүүлж, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг бүрэн шийдсэн хэмээн дүгнэхийг хүсэж байна. Дахин нэг хоосон мөрөөдөл болж үлдээхгүй, тогтолцооны реформыг тууштай хэрэгжүүлж, үр дүнг нь үзэхийн төлөө чин эрмэлзэл, эр зориг, хүсэл мөрөөдлөө нэгтгэх цаг болжээ. Энэ бол ирээдүй үедээ эрүүл нийгмийг үлдээх үзэл санаа, үйл хэргийн тэмцэл юм. Бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлснээр хөдөөгөөс хот руу биш, хотоос хөдөөг зорьсон их нүүдэл эхэлнэ гэдэгт итгэлтэй байна.
2024 оноос Монгол Улсыг дэлхий дахинд “Go MonGOlia, Always Moving” аялал жуулчлалын брэнд үг бүрэн илэрхийлэх болно. Энэ нь “Өөдөө тэмүүлэх Монгол”, “Монгол үргэлж хувьсан өөрчлөгдөж, шилжин хөдөлж байдаг” хэмээх агуулга илтгэнэ. Бидний хүсэл зорилго, нөөц боломж, хөгжлийн загварыг дунд, урт хугацаанд илэрхийлэх, хувьсан өөрчлөгдөж буй цаг үеийн сорилтыг даван туулах чадамжтай энэ агуулга Монгол Улсыг бүрэн илтгэх болно” гэлээ.