БНХАУ руу явах зорчигчдод тээшээ 30 кг-аас хэтрүүлэхгүй байх шаардлагыг тавьж байна

Б.МӨНГӨНБАЯР

БНХАУ-ын гаалийн байгууллагаас тус улсын хилээр орж гарах үед зорчигчдын авч явах ачаа тээш, эд зүйлс 30 кг хүртэл байх шаардлагыг тавьж, шалган нэвтрүүлж байгаа болохыг ГХЯ-наас мэдээллээ.

2000 юаниас доош үнийн дүнтэй эд зүйлийг татвараас чөлөөлөх бол тоо хэмжээ, үнийн дүн хэтэрсэн тохиолдолд сайн дураараа мэдүүлж, өөрийн хэрэглээний эд зүйл гэдгийг нотолно. Нотлоогүй тохиолдолд татвар ногдуулах аж. Хэрэглээнээс хэтэрсэн, овор ихтэй ачааг карго тээврээр нэвтрүүлэх юм. Бэлэн мөнгөний хувьд 20 мянган юаниас хэтрэхгүй, хэтэрсэн тохиолдолд гаалийн мэдүүлэг бөглөх шаардлагатай.

Мөн буу сум, дуураймал буу, хар тамхи, соёлын эд өлгийн зүйл, зааны яс болон ховор ан амьтны эд эрхтнээр хийсэн зүйл, амьд амьтан, түүхий өндөг, тамхины навч, цусан бүтээгдэхүүн, эмийн ургамал, жимс ногоо, алт гэх мэт нь хилээр орж гарахад хориглосон эд зүйлд хамаарна.

Түүнчлэн аливаа тоног төхөөрөмж, машины дугуй, сэлбэг хэрэгсэл зэрэг үйлдвэрлэлийн чанартай багаж төхөөрөмжийг зорчигчийн гарцаар нэвтрүүлэхийг хориглодог аж. Үүний зэрэгцээ ямар нэг хаяг шошгогүй тамхи, цахилгаан тамхи хилээр авч гарахыг хориглоно. Үүний дотор 16 нас хүрээгүй зорчигч архи, тамхи авч явахыг хориглож буй.

Хар тамхи, сум, нэн ховор ан амьтны гаралтай бүтээгдэхүүнийг хууль бусаар тээвэрлэсэн тохиолдолд хэмжээ харгалзахгүйгээр БНХАУ-ын эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг ба бүх насаар нь хорих эсвэл цаазаар авах хүртэл ял ноогдуулдгийг анхаарах хэрэгтэй гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)