ДАРХАН-УУЛ: Малын тоо 17 хувиар буурчээ

 Монгол Улсын статистикийн тухай хуулийн долоодугаар зүйл болон бусад хуулийн холбогдох заалтын дагуу мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 7-17-ны өдрүүдэд болсон. 2023 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 260.7 мянга толгой мал тоолуулсан аж. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 17.0 хувиар буурсан үзүүлэлт байна.

Нийт тоолуулсан мал сүргийг ангилж үзвэл адуу 21.9 мянга буюу 8.4 хувь, үхэр 46.0 мянга буюу 17.6 хувь, тэмээ 7 буюу 0.003 хувь, хонь 111.9 мянга буюу 42.9 хувь, ямаа 80.9 мянга буюу 31.0 хувийг тус тус эзэлж байна.

Тэжээвэр амьтны тухайд 2022 онд 39812, 2023 онд 42416 мянга тоолуулж өмнөх оноос 6.5 хувиар өсжээ. Гахай 1840, шувуу 36639, галуу 107, цацагт хяруул 57, бөднө шувуу 1263, илжиг зургаа, туулай 16, зөгийн бүл 3690 тус тус тоолуулжээ.

 

Хавар цаг агаар хүндэрсэн, том малын болон төлийн хорогдол их гарсантай холбоотойгоор малын тоо, толгой буурсан гэж малчид, албаны төлөөлөл онцолж байна.

Ташрамд өнгөрсөн оны мал тооллогоор 313.2 мянган толгой мал, 3700 гахай, 32500 тахиа, 3200 бүл зөгий, 115 цацагт хяруул, 286 галуу, 24 туулай тэжээвэр амьтад тоолуулж байжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)