Xiaomi компани анхны цахилгаан машинаа танилцуулжээ

Хятадын гэр ахуйн цахилгаан бараа, ухаалаг гар утас үйлдвэрлэгч Xiaomi компани цахилгаан автомашины зах зээлд нэвтэрч, автомашин үйлдвэрлэгч томоохон компаниуд болох Tesla, Porsche-тэй өрсөлдөх төлөвлөгөөгөө пүрэв гарагт танилцуулжээ.

“Xiaomi SU7 автомашин туршилтын үйлдвэрлэлийн шатандаа явж байгаа бөгөөд хэдхэн сарын дараа дотоодын зах зээлд гарна. Үнийн хувьд хараахан тодорхой болоогүй байна” гэж тус компанийн гүйцэтгэх захирал Лэй Жун X олон нийтийн сүлжээний хуудсандаа мягмар гарагт мэдэгдсэн байна.

Хятад хэлээр “Sue Qi” гэж дуудах Xiaomi SU7 загвар нь хурд авах чадвар болон бусад үзүүлэлтээрээ Porsche-гийн Taycan болон Tesla-гийн Model S-ийг ардаа орхисон гэж Лэй Жун пүрэв гарагт гурван цагийн турш үргэлжилсэн танилцуулгын үеэр хэлжээ. Энэхүү загварыг бүтээх ажил гурван жил гаруйн турш үргэлжилсний эцэст 2024 оноос борлуулж эхлэх төлөвтэй байна.

Xiaomi-гийн гүйцэтгэх захирал мөн автомат жолоодлогын технологи зэрэгт салбартаа тэргүүлэгч болохыг эрмэлзэж байгаагаа илэрхийлээд, SU7 загвар дээр ажиллаж буй баг өмнө нь BMW, Mercedes-Benz-д ажиллаж байсныг онцолсон байна. Xiaomi урьд нь “Human x Car x Home” хэмээх ухаалаг экосистемийг бий болгохоо мэдэгдэж байсан бөгөөд SU7 нь ухаалаг утас болон интернетэд холбогдсон гэр ахуйн цахилгаан хэрэгсэлтэй холбогдох ажээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.97.14.84)