ГЕГ он гарсаар нийт 1578 зөрчил илрүүлжээ

Б.ТУУЛ

Гаалийн байгууллага нь Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан барааны хууль бус эргэлттэй тэмцэх, худалдааны луйвар, татвараас зайлсхийх хэрэг, зөрчилтэй тэмцэх ажлын хүрээнд 2023 оны эхний 10 сарын байдлаар нийт 1578 зөрчлийг илрүүлжээ. Эдгээр зөрчилд холбогдох татварыг нөхөн төлүүлж торгуулийн арга хэмжээ авч ажиллаж байгааг албаны хүмүүс мэдээллээ. Тухайлбал, энэхүү хэрэг зөрчлөөс 32 үйлдэл нь  гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсныг холбогдох хууль, хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн гэдгийг ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газрын дарга Ж.Эрдэнэболд мэдээлсэн юм.

Монгол Улсын хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэхийг завдсан  хэрэг, зөрчлөөс дурдахад 17 удаагийн үйлдлээр 5 нэр төрлийн 2630 хүн тун мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг нэвтрүүлэхийг завдсан, 2 үйлдлээр нийт 4,591 грамм алтан гулдмай,  6 үйлдлээр түүх соёлын өв, дурсгалт зүйл,   1 үйлдлээр 375 килограмм химийн бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг тус тус гаалийн гаалийн хяналт шалгалтын явцад болон холбогдох хууль сахиулах байгууллагуудтай хамтран илрүүлэн хураан авч зохих хууль хяналтын байгууллагад шилжүүлэн ажиллаж байгаа ажээ.

Мөн түүнчлэн “ОХУ-тай хил залгаа 10 боомт, БНХАУ-тай хил залгаа 13 боомт, агаарын нэг боомт нийт 24 боомт болон 160 орчим гаалийн хяналтын бүсэд 1700 орчим хяналтын камер бүхий телехяналтын нэгдсэн системээр гаалийн болон бусад зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр ажиллаж байна” гэдгийг ГЕГ-ын Хяналтын нэгдсэн төвийн дарга Ц.Хатанболд нар мэдээлэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)