АНУ Газар Дундын тэнгис рүү нисэх онгоц тээвэрлэгчээ илгээжээ

Израил улс Газын зурваст Хамас бүлэглэлийн эсрэг өргөн цар хүрээтэй ажиллагаа явуулахаар бэлтгэж байгаа үед АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоц Газар Дундын тэнгисийн зүүн хэсгийг чиглэн явж байна гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин мэдэгджээ.

Цөмийн хөдөлгүүрт нисэх онгоц тээгч USS Gerald R. Ford хөлөг онгоц энэ долоо хоногийн эхээр Италийн Тэнгисийн цэргийн хүчний хамт сургуулилалт хийсэн тухай хөлөг онгоцны нийгмийн сүлжээний хуудсанд мэдээлсэн байсан бөгөөд уг хөлгийг Израил руу илгээсэн байна.

Нисэх онгоц тээгчийг хоёр өөр ангиллын байлдааны онгоцууд дагалдаж байна. АНУ мөн тус бүс нутагт F-35, F-15, F-16 сөнөөгч онгоцууд, A-10 нисэх онгоцны эскадрилиудын бэлэн байдлыг бэхжүүлэх арга хэмжээ авч байна. Сүүлийн саруудад Сири, Оманы булан дахь Ираны хүчний түрэмгийллийн хариуд эдгээр онгоцноос хэд хэдийг Ойрхи Дорнод руу илгээгээд байгаа юм.

Ливан дахь Хезболла ба Израилын эсрэг бусад зэвсэгт бүлэглэлүүдийг тогтоон барих зорилгоор дээрх зэвсэг техникүүдийг илгээж байна гэж холбогдох албаныхан мэдээлсэн байна. АНУ, Европын Холбоо ба Израил улс Хамас бүлэглэлийг Хезболлагийн нэгэн адил террорист байгууллага гэж зарласан юм.

Израил улсын хувьд гол дайсан Ираныг Хамас бүлэглэлийг дэмжиж байна гэж буруутгаж байна. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны нэгэн албан тушаалтан бямба гарагт хэлэхдээ, энэ амралтын өдрүүдээр Израилын эсрэг хийсэн дайралтад Иран шууд үүрэг гүйцэтгэсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа боловч Иран улс Хамас-ыг санхүүжүүлж, техник хэрэгслээр хангаж, зэвсэглэсэн гэдэг нь эргэлзээгүй гэжээ.

Эх сурвалж: ИЕРУСАЛИМ, 2023 оны аравдугаар сарын 9 /CNN/

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)