АНУ, Япон, БНСУ-ын аюулгүй байдлын зөвлөхүүд Путин, Ким нарын уулзалтын талаар хэлэлцжээ

АНУ, Япон, БНСУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын уулзалтын талаар хэлэлцэхээр гурван талын уулзалт хийсэн тухай Цагаан ордон пүрэв гарагт мэдээлжээ.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан, Японы Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Акиба Такэо, Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Чо Тэ Ён нар Умард Солонгосоос Орост зэвсэг экспортлох нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчинө гэдэгтэй санал нэгдэв. Тэдгээр тогтоолыг батлахыг Москва өөрөө дэмжсэн санал өгсөн юм.

Японы Засгийн газрын мэдээлснээр, Оросын Алс Дорнод дахь пуужин хөөргөх байгууламжид болсон дээд хэмжээний уулзалт нь Москва, Пёньяны хооронд зэр зэвсэг болон холбогдох техник хэрэгслийг дамжуулахад хүргэж болзошгүй байгаад талууд “ихээхэн санаа зовниж” буйгаа илэрхийлжээ.

Лхагва гарагт Ким Жөн Ун Путинийг дэмжихээ амласан бөгөөд Путин хариуд нь Умард Солонгост пуужингийн технологи хөгжүүлэхэд нь туслах зэргээр цэргийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг санал болгосон байна.

Ж.Салливан, А.Такэо, Чо Тэ Ён нар мөн Умард Солонгосыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахын төлөө хамтран ажиллахаа дахин нотолсон гэж Цагаан ордон болон Японы Засгийн газар мэдэгджээ. Гурван улс онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд гурван талын дээд түвшний зөвлөлдөх уулзалт хийх амлалтын хүрээнд уг хэлэлцээг хийсэн байна.

Өнгөрсөн сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Японы Ерөнхий сайд Кишида Фүмио, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль нартай гурван талт дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан бөгөөд энэ үеэр удирдагчид гурван улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах гол алхмуудын нэг болгон дээрх амлалтыг өгсөн юм. 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /Kyodo/

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)