М.Баяраа: 14365 ам метр явган замыг шинэчилнэ

УБЗАА-наас энэ жил нийслэлийн хэмжээнд 30 гаруй байршилд тохижилт хийж буй аж. Үүнээс долоон байршилд нь явган хүний зам засвар, шинэчлэл, өргөтгөлийн ажлыг гүйцэтгэнэ. Энэ дагуу УБЗАА-ны холбогдох ажилтнууд газар дээр нь ажиллаж, бүтээн байгуулалт, засварын ажилтай танилцана гэдгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа хэллээ.

Түүнчлэн цаг агаар дулаарч буйтай холбоотойгоор “Хотоо угаая” аян эрчимжиж, угаалга цэвэрлэгээний ажлыг эхлүүлжээ. Тодруулбал, нийтийн тээврийн автобусны дотор, гадна тал, хүүхдийн тоглоомын талбай, хайс хашлага, хогийн сав, хөшөө дурсгал, аж ахуйн нэгжийн гадна фасад, хаягийн байгууламж, их дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн гадна орчныг угааж цэвэрлэх юм. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, талбайн ногоон байгууламжийн моддыг даралттай усаар шүршиж угаахаас гадна гуу жалга суваг даланд хаясан болон ил задгай хогийг цэвэрлэх аж. М.Баяраа “Голын ай сав, гуу жалга, гудамж талбайд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэх 120 хүний бүрэлдэхүүнтэй иргэдийн бүлэг ажиллаад хоёр сар болж байна. Иргэд маань хог хаягдлаа багасгах, байгальд ээлтэй хэрэглээг дэмжээсэй” гэлээ.

“Хотдоо ургуулъя” хөдөлгөөн өрнүүлнэ

Одоогоор Улаанбаатар хотын хэмжээнд нэг хүнд оногдох ногоон байгууламжийн хэмжээ 5.5 ам метр байгаа аж.

Хотын ногоон байгууламж бүхий нийт 637.7 га талбайн 13.3 хувийг л иргэнд өмчлөгдсөн, эсвэл аж ахуйн нэгжийн эзэмшиж ашиглаж байгаа газарт ургаж байгаа ногоон байгууламж эзэлдэг. Тиймээс ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор “Хотдоо ургуулъя” хөдөлгөөнийг эхлүүлж буйг Ерөнхий менежер тэмдэглэв. Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгааны ажлын хүрээнд 51 байршилд гоёлын ургамал, чимэглэлийн бут сөөгийг тарих юм. Мөн долоон байршилд байршилд 18 цэцэгт байгууламж байгуулахаар төлөвлөсөн. Түүнчлэн ногоон байгууламж цэцэрлэгжүүлэлтийн стандартын шаардлагад нийцсэн суулгацыг үржүүлэх зорилгоор 25 төрлийн 110 гаруй зүйл сортын гоёлын мод, сөөг, цэцэг, модны тарьц суулгац ургуулахаар хувийн хэвшлийн 15 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж ажлыг эхлүүлээд буй.

НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:

-Хотын түгжрэлийг бууруулахад авто зогсоолын ухаалаг менежмент маш чухал үүрэгтэй. Цаашдаа авто машины үнэгүй зогсоолуудыг төлбөртэй болгоно. Түүнчлэн нийслэлийн мэдэлд байгаа 48 зогсоолыг нэгдсэн удирдлагад оруулж, үйл ажиллагааг нь хувийн хэвшилд хариуцуулах юм. Ингэснээр иргэдийн цаг завыг хэмнэсэн, олон улсын стандартад нийцсэн байдлаар үйл ажиллагаа явуулж эхэлнэ. Ерөөс хотын төвийг машинд бус, иргэдэд, тэр дундаа явган зорчигчдод ээлтэй болгох бодлогыг нийслэлийн зүгээс баримталж ажиллана хэмээлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)