Төлбөрийн тэнцэл III сард $13.3 саяын ашигтай гарав

Төлбөрийн тэнцлийн дүнд гадаад валютын нөөц 11 сая ам.доллароор нэмэгдсэн дүнтэй байна

Гуравдугаар сард Монгол Улсын төлбөрийн тэнцэл 13.3 сая ам.долларын ашигтай гарсныг Монголбанк мэдээллээ. Ингэснээр оны эхнээс нэмэгдсэн дүнгээр төлбөрийн тэнцэл 79 сая ам.долларын ашигтай гарч байна. 2022 оны эхний улиралд төлбөрийн тэнцэл 953.6 орчим сая ам.долларын алдагдалтай байсантай харьцуулахад буурсан үзүүлэлт боллоо.

 

Барааны худалдааны ашиг гуравдугаар сард өмнөх сараас буурч, 433.1 сая ам.доллар болсон бол үйлчилгээний дансны алдагдал буурч, 237.78 сая ам.доллар болжээ. Ингэснээр урсгал гуравдугаар сард урсгал дансны ашиг 45.9 сая ам.доллар болсныг Монголбанк тайлагналаа.

Гуравдугаар сард монголчуудын гадаадад аялахдаа төлсөн үнийн дүн гадаадаас ирсэн жуулчдын төлсөн дүнгээс давснаар аяллын үйлчилгээний тэнцэл 76.4 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Мөн тээврийн үйлчилгээний данс алдагдалтай хэвээр байна.

 

Бусад дансны хувьд хөрөнгийн дансны ашиг нэмэгдэж, 8.45 сая ам.доллар хүрчээ. Харин санхүүгийн дансны хувьд 89.65 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх сараас нэмэгдсэн дүнтэй байна. Үүнд өрийн хэрэгсэл хэлбэрээр олон улсаас татсан 150 сая ам.долларын эх үүсвэр голлох нөлөө үзүүлжээ.

Монголбанкны тайлангаас харахад төлбөрийн тэнцлийн дүнд гадаад валютын албан нөөц 11 сая ам.доллароор нэмэгдсэн дүнтэй байна.

 

2022 оны эхний улиралд төлбөрийн тэнцэл өндөр алдагдалтай гарахад нүүрсний экспорт хийгдээгүй, импортын худалдан авалт өндөр, аялал тээвэр зэрэг үйлчилгээний дансны алдагдал өндөр байснаар тайлбарлагдаж байгаа аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.236.138.253)