“Tesla”-гийн Шанхай дахь үйлдвэрийн нийлүүлэлт 35 хувиар өсжээ

АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн Шанхай хот дахь үйлдвэр гуравдугаар сард 88 869 автомашин нийлүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 35 хувиар өслөө гэж Хятадын Суудлын автомашины холбооноос мэдээлжээ. 

“Tesla”-гийн Шанхай дахь Судалгаа шинжилгээ, инновацын төв одоогоор үйлдвэрээс гарсан тээврийн хэрэгсэл, цэнэглэх тоног төхөөрөмж дээр илүү шинэлэг хөгжүүлэлт хийхэд түлхүү анхаарч байна. “Tesla”-гийн программ хангамжийн инженерчлэл хариуцсан дэд ерөнхийлөгч Дэвид Лау хэлэхдээ, Хятад дахь багууд Хятадын хэрэглэгчдэд нийцүүлэн бүтээгдэхүүнүүдээ өөрчилж болно гэсэн баталгаа өгч байгааг онцолжээ. 

Шанхай дахь үйлдвэр 2022 онд 710 мянган тээврийн хэрэгсэл зах зээлд нийлүүлсэн нь өмнөх оныхоос даруй 48 хувиар өссөн үзүүлэлт болжээ. 2019 онд байгуулагдсан энэхүү үйлдвэр нь “Tesla” компанийн АНУ-аас гадна байгуулсан анхны гига-үйлдвэр юм.

Хятадын Автомашин үйлдвэрлэгчдийн холбооны мэдээллээр, Хятад нь шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл, борлуулалтын хамгийн том зах зээл юм. Энэ оны эхний хоёр сард Хятадад шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн борлуулалт 933 мянгад хүрчээ.

Эх сурвалж : ШАНХАЙ. /Xinhua/

Сэтгэгдэл:
Таны IP: (44.220.184.63)