"The Hu" хамтлагийн виртуал тоглолт 3 дугаар сарын 30-нд болно

"The HU" хамтлаг "The HU in the Metaverse" тоглолтоо 2023 оны гуравдугаар сарын 30-ны өдөр хийнэ. Виртуал орчинд хийх уг тоглолт дэлхийд анх удаа зохиогдох мета рок концерт юм.

"Metaverse" компанийн загвар дизайн хариуцсан захирал Н.Баатарсүрэн ярихдаа, "The Hu" хамтлагийн шүтэн бишрэгчдэд зориулж шинэ орчин үүсгэн бий болгож байгаа. Энэ тоглолтоороо хорвоод сайн, муу зүйл холилдож оршдог, хүн муу зүйлд хэт их автвал байгаль орчноо сүйтгэнэ. Харин эцэг эх, өвөг дээдсийнхээ захиж хэлсэн сайн үйлийг дагаад явбал эх дэлхийгээ аврах боломж байна гэдгийг харуулахыг зорьсон. Монголын өв соёлыг харуулсан зарим нэг газар, өв уламжлалыг тоглолтынхоо хүрээнд харуулсан. Тоглолтын үеэр Монголыг сурталчлах, танин мэдүүлэх олон зүйл хийсэн. Эдгээрийн нэг нь Ховд аймагт байрлах Жаргалант хайрханыг тоглолтын виртуал ертөнцөд оруулсан. Мөн бий биелгээ, бүжиг, үр хүүхдээ хайрлах ухаан зэргийг тусган харуулахыг зорьсон"  хэмээн тайлбар хийлээ.

Тоглолтын тасалбарыг "Hu.rock" вэбсайтаар захиалан ямар ч төхөөрөмжөөс үзэж болно. Ингэснээр үзэгчид дэлхийн хаанаас ч нэг дор цугларч, тус хамтлагийн бусад шүтэн бишрэгч болон хамтлагийн гишүүдтэй харилцах боломжтой юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (44.222.218.145)