Ромын эзэн хааныг санагдуулам төрхтэй эртний сфинкс Египетээс олджээ

Египетийн өмнөд нутагт орших эртний сүмээс археологичид Ромын эзэн хаан Клаудиусыг санагдуулам инээмсэглэсэн төрхтэй сфинксийн хөшөө олсон тухай тус улсын Эртний эд өлгийн яам мэдээлжээ.

Энэхүү олдворыг эртний Египетийн харьцангуй бүрэн бүтнээрээ хадгалагдаж үлдсэн сүмүүдийн нэг болох Хатхор охин тэнгэрийн ариун сүмийн ойролцоогоос илрүүлсэн аж. Каир хотоос өмнө зүгт 450 км-ын зайд орших Кена мужид энэ сүм байдаг байна.

Шохойн чулуугаар хийсэн сфинксийн “инээмсэглэсэн царай, хацрын хоёр хонхорхой” нь Клаудиусын дүр төрхтэй үнэхээр гайхмаар адилхан байсан нь археологичдыг эртний барималч чухам эртний Ромын захирагчийг дүрслэхийг оролджээ гэж үзэхэд хүргэжээ.

Өндөр нь 20 метр, дэлхийд алдартай Гизагийн Агуу сфинксээс ялгаатай нь инээмсэглэж буй Клаудиус-сфинксийн өндөр нь ердийн хүний өндөртэй ойролцоо, хэвтэж буй биеийн урт нь 2 орчим метр аж.

Чухам Клаудиусын амьдарч байсан МЭ-ий нэгдүгээр зуунд Ромын эзэнт гүрний цэргүүд олон удаагийн аян дайн (41-54 онуудад) хийсний эцэст Африкийн хойд хэсгийг эзлэн авч, орчин үеийн Египетийн нутаг дэвсгэрт Ромын засаглалыг тогтоож байжээ.

Эртний эд өлгийн яамнаас мэдээлснээр, “археологичид сфинксийн хөшөөний суурин дээрх тэмдэглэгээнүүдийг үргэлжлүүлэн судалж байгаа бөгөөд судалгааны үр дүнд сфинксийн талаарх мэдээлэл илүү тодорхой болох аж”.

Дээрх сфинкс олдсон газрын ойролцоогоос эртний Египетийн өөр хэд хэдэн эд өлгийн зүйлс илрүүлсний дотор, латин хэлээр болон египет дүрс үсгээр сийлсэн бичээстэй Ромын үеийн чулуун хавтан олдсон байна.

Сүүлийн жилүүдэд коронавирусний цар тахлын улмаас жуулчдын урсгал эрс хумигдаж, аялал жуулчлалын салбараас ихээхэн хамааралтай Египетийн эдийн засагт хүнд нэрмээс болоод байгаа билээ.

Археологийн энэ олдворын талаарх чанга мэдэгдлийг зарим шинжээчид жуулчдын анхаарлыг татах гэсэн Египетийн эрх баригчдын ээлжит оролдлого гэж үзэж байна. 

Эх сурвалж : ЛОНДОН. /ВВС/

Сэтгэгдэл:
Таны IP: (3.85.167.119)