“Toyota” автомашины үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ

Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компани 2023 онд 10.6 сая тээврийн хэрэгсэл үйлдвэрлэх зорилт дэвшүүлсэн талаараа даваа гарагт мэдэгдлээ. Энэ нь тус компанийн хувьд түүхэн дээд үзүүлэлт болох юм.

Гэхдээ эд ангийн нийлүүлэлтэд саатал тасалдаж үүсэж болзошгүй тул эцсийн үйлдвэрлэл зорилтот түвшнээс 10 хувиар доогуур байх магадлалтай бөгөөд ханган нийлүүлэгчид болон бусад оролцогч талуудад шаардлагатай хүн хүч, тоног төхөөрөмжийн хүчин чадлын төлөвлөгөө гаргахад тус дөхөм болохын тулд зорилт дэвшүүлж байгаагаа мэдэгджээ.

2019 онд “Toyota” түүхэндээ хамгийн олон буюу 9.1 сая гаруй тээврийн хэрэгсэл үйлдвэрлэсэн байна. Харин 2022 оны 1-11 дүгээр сард ойролцоогоор 8.3 сая автомашин үйлдвэрлэсэн бөгөөд 12 дугаар сард 750 мянган тээврийн хэрэгсэл үйлдвэрлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм.

Автомашины эд ангийн хомсдолын улмаас үйлдвэрлэл саатах, улмаар хэрэглэгчдэд шинэ бүтээгдэхүүн нийлүүлэх хугацаа хойшлох асуудал гарах болоод байгаа юм. “Манай компанийн хувьд энэ асуудлыг зохицуулахын тулд дотоодын зах зээлд эн тэргүүний ач холбогдол өгөх замаар нийлүүлэлтийн хугацааг богиносгох, ханган нийлүүлэгчидтэй нягт хамтран ажиллахад анхаарна” гэж “Toyota” компанийн төлөөлөгч мэдээлжээ.

Эх сурвалж: ТОКИО. /Mainichi/

Сэтгэгдэл:
Таны IP: (44.220.184.63)