Агентлагийн даргаас дээш албан тушаалтан хахууль авсан бол 12-20 жилийн хорих ял онооно

 

 УИХ-ын чуулганы 12 сарын 16-ний өдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд уг хуулийн төсөл анх орж ирснээсээ өөрчлөгдсөн эсэхийг тодруулсны зэрэгцээ УИХ-ын гишүүдийг хоёроос дээш удаа нэр дэвшдэггүй байх заалтыг Үндсэн хуульдаа тусгах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар эл асуултад “Засгийн газраас өргөн барьсан Эрүүгийн хууль болон түүнийг дагалдуулан орж ирсэн эдгээр хуулийн төслөөр ялын бодлогыг нэлээд чангатгасан. Ажлын хэсэг, байнгын хорооны түвшинд хуулийн төслийг хэлэлцэх явцдаа ял шийтгэлийг бууруулсан зүйлгүй. Торгох ялыг хуулиас хасаж, хорих ял оногдуулдаг байх заалтыг хэвээр үлдээсэн. Эрх мэдлээ урвуулан ашигласан бол 2-8 жил, агентлагийн даргаас дээш албан тушаалтан хахууль авсан бол 12-20 жилийн хорих ял онооно. Хүний амийг хохироосон этгээдэд 8-15 жил, хүндрүүлэх нөхцөлтэй бол 10-20 жилийн хорих ял оноодог. Энэ бол Эрүүгийн хууль дахь маш хүнд ял. Түүнтэй адилтгах ялыг авлига, хээл хахуулын хэрэгт оногдуулахаар болж байгаа” гэв.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мөн авлига, албан тушаалын хэрэгт оногдуулах ялыг өмнө нь байгаагүйгаар чангатгасан болохыг хэллээ. Ингээд тус хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлгүүлгэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)